Хорь гаруй насны хоёр хятад бүсгүйн байгуулсан стартап компани 300 сая доллароор үнэлэгдэж байна
Анд нөхдийн мэдээ
2023-12-27
АНУ-ын Цахиурын хөндийд өнгөрсөн дөрөвдүгээр сард 20 гаруй настай хоёр хятад эмэгтэйн үүсгэн байгуулсан хиймэл оюун ухааны “Pica Labs” стартап компани саяхан 55 сая долларын хөрөнгө оруулалт татаж, одоогоор 300 сая доллараар үнэлэгдэж байна. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр тус компанийг Стэнфордын их сургуулийн хиймэл оюун ухааны судалгааны хүрээлэнд докторын судалгаа хийж байсан 25 настай Дэми Куо болон 27 настай Чен Лин Мэн хэмээх хоёр бүсгүй хамтран үүсгэн байгуулжээ. Куо Стэнфордод суралцахаасаа өмнө “Meta” компанийн хиймэл оюун ухааны судалгааны хэлтэст инженерээр ажиллаж байсан бөгөөд харин Лин Мэн хиймэл хиймэл оюун ухааны чиглэлээр олон судалгааны бүтээл гаргажээ. Багаасаа яруу найраг, уран зохиол сонирхдог байсан Куо болон аним зураач болохыг хүсдэг байсан Ли Мэн нар ашиглахад хялбар хиймэл оюун ухаантай видео үүсгэгч бүтээхээр Стэнфорд сургуулиа орхиж өнгөрсөн дөрөвдүгээр сард “Pica Labs” компаниа үүсгэн байгуулжээ. Тус компани одоогоор хиймэл оюун ухааны видео үйлчилгээндээ тулгуурлан 500 мянган хэрэглэгчтэй болсон бөгөөд тэдгээр хэрэглэгчид нь долоо хоног бүр ойролцоогоор нэг сая видео контент бүтээдэг болсон байна. Улмаар өнгөрсөн сарын 29-нд “Pica 1.0” аппликэйшн гаргажээ. Тус программд текст оруулснаар 3D видео, хөдөлгөөнт дүрс, кино бүтээх боломжтой ажээ. Хэдийгээр “Runway”, “Stability AI” зэрэг хиймэл оюун ухааны бусад платформуудтай өрсөлдөж байгаа ч видео бичлэгийн хэмжээ илүү урт байх боломжтой, мөн янз бүрийн хэв маягт хөрвүүлэх чадалтай гэдгээрээ “Pica 1.0” аппликэйшн илүү давуу талтай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.