images

Герман: Хүүхдүүд Санта Клаусаас хариу захидал авсаар байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-25


   Германы Бранденбург мужийн Химмельфорт хэмээх жижиг тосгоны шуудангийн газар 40 жилийн турш Санта Клаусын нэрийн өмнөөс хүүхдүүдийн асуултад хариулж захидал илгээдэг тухай “Washington Post” сонин мэдээлэв. Тус шуудангийн газарт жил бүр хүүхдүүдээс Санта Клауст хаягласан олон арван захидал ирдэг бөгөөд тухай бүрт нь хариу бичиж илгээдэг ажээ. Анх 1984 онд хуучин Зүүн Германы үед тус шуудангийн ажилтан Корнелиа Мацкэ хоёр хүүхдээс Санта Клауст хаяглаж ирсэн захидалд хариу илгээснээр энэ үйлс уламжлал болжээ. Анх тэрбээр хүүхдүүдээс ирсэн ийм захидлуудыг шууд устгадаг байсныг дуулаад өөрөө санаачлан захидал бичиж “Сахиусан тэнгэр” нэрээр хариу илгээдэг болсон байна. Дараагийн хэдэн жилд ийм захидлын тоо хэдэн арав болж нэмэгдсэн байна. Улмаар 1990 онд Германыг нэгтгэсний дараа захидлын тоо хэдэн зуу болсноор 1995 онд Зул сарын баярын өмнөхөн тэдгээр олон захидалд хариу илгээх үүднээс хоёр туслах ажилтан авч ажиллуулжээ. Өдгөө тус шуудангийн газарт АНУ зэрэг дэлхийн 60 гаруй орноос Сантад хаяглан ирсэн 300 мянга гаруй захидлыг 20 хүн хариуцан ажиллаж байна. Тэдгээр ажилчид 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн Зул сарын баярын уур амьсгал оруулан чимэглэсэн шуудангийн өрөөнд сууж, хүүхдүүдийн захидалд хариу бичдэг ажээ. Захидлын тоо маш их нэмэгдсэн тул өмнөх шиг гараар хариу бичих боломжгүй болж, компьютер дээр гар бичмэл маягийн фонтоор бичиж, харин дугтуйн дээрх хаягийг гараар бичдэг хэвээр байгаа аж. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд хүүхдийн захидалд агуулагдсан хүсэл мөрөөдөл нь цаг үеэ даган өөрчлөгдсөөр иржээ. Тэд ихэвчлэн хамгийн сүүлийн үеийн шинэ тоглоом бэлгэнд авах хүслээ илэрхийлдэг бол COVID-19 цар тахлын хорионы үеэр өвөө, эмээтэйгээ уулзах хүсэлт олон ирсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.