Хоёр савтай эмэгтэй ихэр хүүхэд төрүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-25
Хоёр савтай америк эмэгтэй эсэн мэнд амаржиж, ихэр охин төрүүлжээ. Тус улсын Алабама мужид амьдардаг 32 настай Келси Хэтчер хэмээх бүсгүй энэ сарын 19-ний өдөр нэг охиноо, дараа өдөр нь хоёр дахь охиноо төрүүлсэн тухай Британийн BBC агентлаг мэдээлэв. К.Хэтчер бүсгүй хоёр савтай байсан бөгөөд сав тус бүрдээ нэг нэг хүүхэд тээж ийнхүү эсэн мэнд төрүүлсэн байна. Жирэмсний 39 долоо хоногтой эхний хүүхдээ өөрөөрөө төрүүлсэн бол 10 цагийн дараа хоёр дахь хүүхдээ хийсвэр хагалгаагаар төрүүлсэн бөгөөд 3.4 кг, 3.3 кг жинтэй хоёр хүүхэд эрүүл саруул мэндэлсэн тухай эмнэлгээс мэдээлсэн байна. Эмэгтэйчүүдийн 0.3 хувьд л тохиолддог энэхүү хоёр савтай байх эмгэгтэй хүмүүс төрөх үед зулбах эсвэл дутуу төрөх магадлал өндөр байдаг аж. Хоёр саванд зэрэг жирэмслэх магадлал нэг саяд нэг орчим байдаг хэмээн шинжлэх ухаанд үздэг. Энэ нь ердийн жирэмслэлт биш байсан тул эмнэлэг уг эхийг амаржих хүртэл шаардлагатай бүх хяналтыг хийж байсан аж. Гурван хүүхдийн эх К.Хэтчер дөрөв дэхээ жирэмслэх хүртлээ давхар савтай гэдгээ мэдээгүй байжээ. Эмнэлгийн хэт авиан шинжилгээгээр хоёр савд хоёр ураг байгааг мэдсэнийхээ дараа тэрбээр маш их гайхсан байна. Эх баригч эмч, профессор Ричард Дэвис "Хоёр хүүхэд нэг эхийн хэвлийнээс нэг зэрэг төрсөн ч тэд “өөр өөр байранд” амьдардаг байсан" хэмээн хошигножээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.