Жараад жилийн өмнө алдсан хэтэвч олдож эзэндээ очжээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-25
АНУ-д 1950-иад онд нэгэн эмэгтэйн гээсэн хэтэвч 65 жилийн дараа олдсоныг ар гэрийнхэнд нь буцаан өгсөн байна. CNN-ийн мэдээлснээр, тус улсын Атланта хотын “Plaza” театр саяхан ариун цэврийн өрөөндөө засвар хийж байтал нураасан ханан дундаас хуучирч гандсан нэгэн хэтэвч олджээ. 1958 онд алдагдсан гэж үзэж буй энэхүү хэтэвчинд “Chevrolet” автомашины хонжвортой 1959 оны сугалааны тасалбар, зээлийн карт, гэр бүлийн хар цагаан зураг, шатахуун түгээх станцын карт зэрэг эд зүйл байжээ. “Plaza” театр нь тус хотын хамгийн эртний театр, чухал дурсгалт газруудын нэг юм. Барилгын засварын ажлын явцад аль дээр үед үйлдвэрлэхээ больсон жигнэмэгний уут, архины шил зэрэг янз бүрийн хуучны эд зүйл гарч ирсэн байна. “65 жилийн дараа олдсон энэхүү хэтэвч онцгой зүйл байсан” гэж театрын эзэн Крис Эскобар хэлжээ. Уг хэтэвчийг олсон даруйд шууд эзнийг нь олж өгөх бодол түүнд төрсөн гэнэ. Улмаар тэрбээр хэтэвчин дотор байсан жолооны үнэмлэх дээрх "Флой Кулбрет" гэсэн нэрээр эзнийг нь эхнэрийн хамтаар хайж эхэлсэн бөгөөд Флой Кулбретийн нөхөр Рой Кулбретийн эмгэнэлийн бичиг сонин дээр гарсныг интернэтээс олсон байна. Үүгээр дамжуулан тэдний үр удам, ач зээ нарын тухай, тэр дундаа Кулбретийн гэр бүлийн жил бүр зохион байгуулдаг буяны гольфын тэмцээний вэбсайтыг олж, эцэст нь тэдний охин Теа Чемберлэнтэй холбоо тогтоон олж уулзаад ээжийнх нь хэтэвчийг өгчээ. Хэтэвчний эзэн Флой 2005 онд 87 насандаа таалал төгссөн бөгөөд түүний охин Т.Чемберлэн театраас холгүй амьдардаг байв. Ээж нь 1958 онд түрийвчээ алдахад тэрээр зургаан настай байсан бөгөөд энэ жил 71 нас хүрч байна. Т.Чемберлэн хэтэвчин доторх эд зүйлс түүний ээжийнх нь мөн болохыг баталжээ. Тэрбээр хэтэвчийг буцааж авахдаа "Ээжийн минь тухай дурсамжийг сэргээсэнд сэтгэл маш их хөдөллөө” гэжээ. Тэдний өнөр бүлийнхэн нэгэн дор цугларч долоон настай, таван настай ач, зээ нарынхаа хамт ээжийнхээ хэтэвчийг нээж үзсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.