Европын холбоо чоно агнахыг зөвшөөрөх үү?
Анд нөхдийн мэдээ
2023-12-22
Европын холбоо олон арван жилийн турш мөрдөж ирсэн чонын төрөл зүйлийг хамгаалах бодлогоо зөөлрүүлэхээр хэлэлцэж байна. “Guardian” сонины мэдээлснээр, Европын комисс Бернийн конвенцид заасан чоно хамгаалах статусыг "хатуу хамгаалалт"-аас "энгийн хамгаалалт" болгон бууруулах санал гаргасан байна. Өнөөг хүртэл Европын холбоо 1979 онд баталсан Европ-Африкийн зэрлэг амьтад, байгалийн амьдрах орчныг хамгаалах Бернийн конвенцийн дагуу чоныг хамгаалж ирсэн юм. Дараа нь 1992 онд Хамгаалалтын удирдамжийг илүү нарийвчлан тодорхойлох зорилгоор амьдрах орчны удирдамжийг нэвтрүүлжээ. Үүний дагуу чоныг “дархан цаазат” төрөлд хамааруулж, мал сүрэг болон хүн, амьтны эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул учруулахгүй бол санаатайгаар агнах, барихыг хориглосон байна. Харин сүүлийн үед чонын тоо толгой өссөнөөс бэлчээрийн малд хохирол учирч байна гэсэн гомдол, шүүмжлэл нэмэгдэх болжээ. Байгаль орчны бүлгүүд болон шинжээчдийн тооцоолсноор Европын холбооны 27 оронд чонын тоо толгой 19 мянга орчим байгаа нь сүүлийн 10 жилийн хугацаанд 25 орчим хувиар өссөн үзүүлэлт аж. Үүний дагуу тус холбоо өнгөрсөн есдүгээр сард чонын төрөл зүйлийг хамгаалах бодлогод хяналт шалгалт хийж, орон нутгийн иргэд, судлаачдын саналыг авчээ. Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен хэлэхдээ, "Чонын тоо толгой өссөн нь Европын биологийн төрөл зүйлийн хувьд сайн мэдээ боловч зарим бүс нутагт чонын сүрэг ихээр төвлөрч байгаа нь мал сүрэгт бодит аюул учруулж байна. Тиймээс энэ талаар илүү уян хатан бодлого хэрэгтэй” гэжээ. Гэсэн хэдий ч байгаль орчны бүлгүүд болон зарим хувь хүмүүс үүнийг эсэргүүцэж байна. Зэрлэг амьтан хамгаалах “Евро” бүлгийн гишүүн Леа Бадос Европын холбоо шинжлэх ухааны үндэслэлгүйгээр амлалтаасаа татгалзаж байгааг шүүмжлээд "Энэ санал бол оппортунист улс төрийн алхам" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.