images

Төрөлхийн гаргүй англи хүүд Зул сарын гэнэтийн бэлгэнд гар иржээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-22


   Баруун тохойноос доош гаргүй төрсөн 10 настай Харри Жонс хэмээх англи хүүд Зул сарын баярын гэнэтийн бэлэг иржээ. Эмнэлгийн төхөөрөмж үйлдвэрлэдэг "Open Bionics" компани энэ хүүд "Төмөр хүн"-ий гартай төстэй хиймэл гар бэлэглэсэн нь жинхэнэ баярын бэлэг болсон байна. Төрөлхийн эмгэгтэй хүү хиймэл гартай болохыг үргэлж хүсдэг байсан бөгөөд унадаг дугуй унаж найзуудтай уралдах нь түүний байнгын мөрөөдөл байв. Тэрбээр хэд хэдэн хиймэл гар хийлгэж үзсэн ч төдийлөн тохирохгүй байсан аж. Харин 3D хэвлэх технологиор үйлдвэрлэсэн “Төмөр хүн”-ий гар нь хүүгийн мөрөөдлийг биелүүлсэн бөгөөд уг хиймэл гар бол хуруугаараа эд зүйл авах, бугуйгаа эргүүлэх зэрэг жинхэнэ гарын хөдөлгөөн хийхээс гадна бариул барих, эргүүлж мушгих зэрэг онцгой үйлдэл хүртэл хийх боломжтой аж. Жонсын эмээ Сюзан Хайам хэлэхдээ "Ач хүү минь шинэ гартай болсноос хойш үргэлж нүүр дүүрэн инээмсэглэж явдаг болсон. Тэр үүнийгээ хүн бүрт үзүүлэх гэж ихэд догдолдог” гэжээ. Үйлдвэрлэгчийн мэдээлснээр Жонс хүү нэг сарын турш туршилтанд хамрагдаж, эцэст нь тохиромжтой гэж үзэн хиймэл гараа зүүсэн байна. Ингэснээр тэрбээр Англи улсад ийм “баатар гар”-тай анхны энгийн хүн болжээ. Өмнө нь ийм гарыг зөвхөн шаардлагатай цэргийн хүмүүст олгодог байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.