Франц улс хууль бус цагаачдад эрс хатуу хууль батлав
Анд нөхдийн мэдээ
2023-12-21
Францын парламент 18-ны өдөр Цагаачлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цагаачлалын босгыг нэлээд өндөрсгөв. Гол зорилго нь цагаач хүүхдүүдэд шууд иргэншил олгодог явдлыг халах, хууль бус цагаачдыг хууль ёсны оршин суугч болгосон хойно төрөлх нутгаасаа гэр бүлээ авчирдаг байдлыг хязгаарлахад чиглэжээ. Энэ хуулийн төслийг Францын парламентын дээд, доод хоёр танхимын хамтарсан хороо шинээр боловсруулсан байна. Улмаар хэт баруун болон консерватив талынхны санал бодлыг тэнцүү тусгаж, агуулгыг одоо байгаа Засгийн газрын төлөвлөгөөнөөс илүү хатуу болгосон гэнэ. Ингэснээр цаашид тус улсад хууль бусаар оршин сууж байгаад баригдвал нэг жилийн хорих ял, 3750 еврогийн торгууль ногдуулж, гурван жилийн хугацаанд Францад нэвтрэхийг хориглох ажээ. Хуулийн төслийг хэлэлцэн батлахаар санал хураахад парламентын дээд танхимын 214 гишүүн дэмжиж 114 гишүүн татгалзсан бол доод танхимд 349 гишүүн дэмжиж 186 гишүүн татгалзсан байна. Консерватив үзэлт Бүгд найрамдах нам болон хэт барууны үзэлт Үндэсний эвсэл нь шинэ хууль батлагдсаныг сайшааж “Түүхэн ялалт" гэж нэрлэсэн бол зүүний социалист нам болон хэт зүүний үзэлт LFI эвсэл үүнийг "Францын хувьд ичгүүртэй зүйл" гэж шүүмжилсэн байна. Үүний зэрэгцээ өчигдөр Европын холбоо "Цагаачлалын болон дүрвэгсдийн шинэ хэлэлцээр"-т гарын үсэг зурсан бөгөөд энэ нь дүрвэгсдийн урсгалыг Африктай газарзүйн хувьд ойр орнуудад төвлөрүүлэхээс сэргийлэх, тэднийг гишүүн орнуудад тэнцүү хуваарилах зорилготой ажээ. Уг хэлэлцээр ёсоор дүрвэгсдийг хүлээн авахаас татгалзсан улс орнууд дүрвэгч тутамд 20 мянган еврогоор бодож Европын холбоонд төлбөр төлөхөөр тусгасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.