images

Хятад эр ач охиноо гар утасны донтолтоос хэрхэн хамгаалав?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-20


   Хятадад ухаалаг утсанд донтохоос хамгаалах гэж 5 настай ач охиныхоо хүзүүнд нохойны хамгаалалтын хүзүүвч зүүсэн хятад эрийн талаар эерэг, сөрөг янз бүрийн яриа өрнөж байна. Хонгконгийн South China Morning Post сонины мэдээлснээр, Хятадын Шаньси мужийн Шиань хотын нэгэн эр, ач охинтойгоо хамт байгаа дүрс бичлэгээ саяхан цахим орчинд нийтэлсэн байна. Тэрбээр ач охиноо машиндаа авч явахдаа ухаалаг утсаар олон цаг тоглоом тоглохыг нь болиулах гэж ийм үйлдэл хийснээ тайлбарласан бөгөөд энэхүү хүзүүвч нь нохойнд мэс засал хийх үед, мөн мэс засал хийсний дараа шархаа долоохоос хамгаалахад хэрэглэдэг ажээ. Ач охин нь нохойны хүзүүвч зүүхээс татгалзсан боловч хамт явсан ээж нь өөрт нь зориулж тусгайлан худалдаж авсан, охин хүүхдэд тохирсон гоё ягаан өнгөтэй гэх зэргээр тайвшруулж буй байдал дүрс бичлэгт буужээ. Дараа нь охины ээж энэ арга нь хүүхдийг ухаалаг утасны донтолтоос сэргийлэхэд ихээхэн үр дүнтэй болохыг хэлсэн байна. Тэрбээр "Охиноо ухаалаг утаснаас хөндийрүүлэх гэж арга ядахдаа энэ аргыг хэрэглэсэн. Хэд хоногийн дараа охин маань утас оролдохоо больсон” гэжээ. Уг дүрс бичлэгийг үзсэн Хятадын цахим хэрэглэгчид санал бодлоо янз бүрээр илэрхийлж байна. Зарим хүмүүс үр хүүхдээ цахим донтолтоос хамгаалах гэсэн аргыг сайшааж, бас насанд хүрэгчид өөрсдөө ухаалаг утаснаас хол байж үлгэр дуурайл үзүүлэх ёстой гэсэн бол цөөнгүй хүмүүс үүнийг хүүхдийн эсрэг хүчирхийлэл хэмээн шүүмжилсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.