images

Хуучны модон сахиус тойрсон маргаан хэрхэн шийдэгдэв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-20


   Франц улсын иргэн, эхнэр нөхөр Ален болон Колетт нар 2021 оны есдүгээр сард дээврийн хонгилоо цэвэрлэж байхдаа хуучин модон баг олжээ. Ален түүнийг өвөөгөөсөө өвлөж авсан бөгөөд онцын хэрэггүй зүйл гэж үзээд хуучин эд зүйл худалдан авдаг хүнд 150 еврогоор зарсан байна. Харин тэрбээр нэг жилийн дараа тэрхүү хуучин модон багаа “Le Figaro” сонинд гарсан байхыг олж харжээ. Тус сонин уг багийг Африкийн Габон улсын уугуул үндэстний эртний сахиус гээд, дуудлага худалдаагаар 4.2 сая еврогоор зарагдсан тухай мэдээлсэн байна. Дуудлага худалдааны анхны үнэ 300 мянган евро байжээ. Үнэхээр уг баг Африкийн Габон улсын уугуул омгийнхны сахиус байсан бөгөөд Пабло Пикассо, Амедео Модильяни зэрэг урлагийн мастерууд тахин шүтдэг байсан, дэлхий дээр ердөө 10 орчим үлдсэн хуучны үнэ цэнтэй эд байжээ. Франц улс Африкийг колоничилж байх үеийн амбан захирагч асан, Алений өвөө Рене Виктор Эдвард Морис Фурнье үүнийг 1917 оны үед олж авч, үр удамдаа өвлүүлэн үлдээсэн нь тэр байв. Энэ үнэнийг олж мэдсэн эхнэр нөхөр хоёр тэрхүү багийг худалдаж авсан хүнийг шүүхэд өгч, хуучны үнэ цэнтэй эд гэдгийг мэдсээр байж хууран мэхэлж хямд худалдаж авсан, тиймээс дуудлага худалдаагаар борлуулсан үнийн дүнгийн тодорхой хувийг авах нэхэмжлэл гаргасан байна. Эртний эдлэлийн наймаачин эр багийн үнэ цэнийг анх огт мэдэлгүй худалдаж авсан гээд, харин дуудлага худалдааны анхны үнэ болох 300 мянган еврог багийн уг эзэнд төлөх санал тавьжээ. Харин тэд энэхүү саналыг хүлээж авалгүй шүүхэд давж заалдсан ч шүүх эртний эдлэлийн худалдаачны талд шийдвэр гаргасан байна. Шүүх дээр ийм маргаан өрнөж байх хооронд Габон улс мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж уг эдлэлийг зарж борлуулахаа зогсоож уугуул нутагт нь буцаан олгохыг хүсчээ. Шүүх энэхүү нэхэмжлэлийг мөн няцаасан тухай “Le Figaro сонин мэдээлэв.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.