АНУ: 90 насандаа магистрын зэрэг хамгаалав
Анд нөхдийн мэдээ
2023-12-20
АНУ-ын Техас мужид амьдардаг 90 настай Минни Пэйн хэмээх эмэгтэй Хойд Техасын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан хамгийн өндөр настай хүн болсон тухай UPI мэдээллийн агентлаг мэдээлэв. Тэрбээр 1950 онд ахлах сургуулиа төгсөөд их сургуульд орж хоёр жил суралцаад дундаас нь орхижээ. Үүнээс хойш 30 гаруй бичиг хэргийн ажилтан хийгээд 68 насандаа тэтгэвэртээ гарсан байна. Хатагтай М.Пэйн тэтгэвэрт гарсныхаа дараа суралцахаар шийдэж, Техасын эмэгтэйчүүдийн их сургуульд элсэн орж сэтгүүлзүйн гурван хичээл, бизнесийн удирдлагын чиглэлээр нэг хичээл судалжээ. Тэрбээр "Би насаараа бичиг цаастай нөхөрлөсөн, бичих дуртай байсан тул тэтгэвэрт гарсан даруйдаа сургуульд суралцсан" гээд энэ нь өөрийгөө хөгжүүлэх хүсэл тэмүүллээс үүдэлтэйг хэлжээ. Ингээд 2006 онд бакалаврын зэрэг хамгаалсан хатагтай М.Пэйн арав гаруй жил Техасын хэд хэдэн хэвлэлийн компанид зохиолчоор ажиллажээ. Улмаар дахин их сургуульд элсэж магистрын зэрэг хамгаалсан байна. Түүний удирдагч багшаар ажилласан профессор Билли Рослер хэлэхдээ "Хатагтай М.Пэйн бол жинхэнэ насан туршийн суралцагч хүн. Түүний 90 насандаа эрдмийн зэрэг хамгаалсан тууштай чанар нь гайхалтай” гэжээ. Хатагтай М.Пэйн цаашид ч бас үргэлжлүүлэн суралцах бодолтой байгаагаа хэлжээ. Түүнээс өмнө 2019 онд Австралийн Мельбурн хотод 90 настай эмэгтэй магистрын зэрэг хамгаалж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.