Марк Зукерберг хоргодох байр барьж байгаа юу?
Анд нөхдийн мэдээ
2023-12-19
“Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг Хавайн арал дээр ойролцоогоор 465 м2 хэмжээтэй томоохон цогцолбор барьж байгаа талаар АНУ-ын эдийн засгийн “Business Insider” сэтгүүл мэдээлэв. Энэхүү цогцолбор нь эрчим хүч, хоол хүнс, усаар хангадаг бие даасан байгууламжтай, газар доорх бункер болон аврах гарцтай гэнэ. Энэ талаар хэвлэлүүд “М.Зукерберг дэлхийн сүйрлээс хоргодох байр бэлдэж байж магадгүй" хэмээн онцолсон байна. Түүний “Koolau Ranch” нэртэй цогцолбор харшийг барихад 100 сая доллар шаардлагатай гэсэн тооцоо бий. Газар худалдан авахад зарцуулсан 170 сая долларыг оруулбал тэрбээр хамгийн багадаа 270 сая доллар зарцуулна гэсэн тооцоо гарчээ. Уг цогцолбор барилга нь гучаас доошгүй унтлагын өрөө, мөн гучин угаалгын өрөө, олсон гүүрээр холбогдсон 12 модон байшингаас бүрдэж байгаа талаар зарим хэвлэлүүд мэдээлж байна. Энэ талаар “Meta” компанийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Барууны хэвлэлүүдийн мэдээлснээр М.Зукерберг дэлхийн сүйрлээс сэргийлж хоргодох байр барьж байгаа анхны хүн биш аж. Тухайлбал “OpenAI” компанийн захирал Сэм Алтман дэлхийн гамшгаас сэргийлж гэртээ буу, алт, антибиотик, хорт утаанаас хамгаалах баг зэргийг байнга хадгалдаг байжээ. “LinkedIn”-ийг үүсгэн байгуулагч Рийд Хоффман NYT сонинд өгсөн ярилцлагадаа “Цахиурын хөндийн тэрбумтнуудын талаас илүү хувь нь газар доорх хоргодох байранд хөрөнгө оруулалт хийсэн” гэжээ. Үүний зэрэгцээ энэ сарын 15-ны өдөр “Bloomberg”-ээс гаргасан тэрбумтнуудын жагсаалтад М.Зукерберг 7 дугаарт бичигджээ. Түүний нийт хөрөнгө 121 тэрбум доллар гэж үнэлэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.