Францын түүхэнд анх удаа богино хар үстэй бүсгүй тэргүүн миссээр шалгарчээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-18
Өчигдөр өндөрлөсөн Францын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ялагч, 20 настай Эва Жие бүсгүйн талаар түүнийг дэмжсэн, эсэргүүцсэн янз бүрийн маргаан дэгдэж байгаа тухай “The Times” сонин мэдээлэв. Зарим хүмүүсийн эсэргүүцэх болсон шалтгаан нь, түүний богино үстэй байгаа нь эмэгтэйлэг гоо сайхны уламжлалт стандартад үл нийцнэ гэх байр суурь ажээ. Энэтхэгийн далайд оршдог Францын Реюньон арлаас гаралтай, математикийн чиглэлээр суралцдаг их сургуулийн оюутан тэрбээр богино хар үсээрээ оролцогчдын дундаас онцгой анхаарал татаж байсан байна. Зарим хуучинсаг үзэлтнүүд, түүнийг ялуулах шийдвэр тэмцээнд шаардагдах гоо сайхны стандартыг үл тоомсорлосон гэж үзэн дан эмэгтэйчүүдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүнийг шүүмжилсэн байна. Энэхүү тэмцээнийг Франц даяар 7 сая хүн үзсэн бөгөөд ялагчийг тодруулах олон нийтийн санал асуулгаар тэрбээр 50-иас илүү хувийн санал авч тэмцээнийг тэргүүлсэн юм. Нөгөө талаар тус тэмцээний 103 жилийн түүхэнд богино хар үстэй эмэгтэй түрүүлсэн анхны тохиолдол ажээ. Энэ тэмцээний түүхэн дэх ялагчдын дийлэнх нь урт, намирсан, голдуу шаргал үстэй, өндөр нуруутай эмэгтэйчүүд байв. Дээрх шүүмжлэлийн талаар Э.Жие өөрөө хэлэхдээ "Би жаахан охин шиг харагдах дургүй. Зүгээр л сайхан эмэгтэй байхыг хүсдэг” гэжээ. Мөн “Таны ямар байх ёстой талаар хэн нэгэн заах эрхгүй. Хүмүүс урт үстэй сайхан бүсгүйчүүдэд дассан байдаг байх. Гэхдээ би богино үстэй, эршүүд төрхдөө дуртай. Хүн бүхэн арван хуруу тэгш байх боломжгүй” гэжээ. Харин тэмцээнийг зохион байгуулагчид түүний ялалтыг өндрөөр үнэлж, сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн байна. Францын гоо бүсгүйн тэмцээнд оролцохын тулд 170 см-ээс дээш өндөртэй байх ёстой бөгөөд хэрэв тэргүүн миссээр шалгарсан тохиолдолд нэг жилийн хугацаанд жин нэмэхгүй, үсний засалтаа өөрчлөхгүй, шивээс хийлгэхгүй байх ёстой гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.