Дөрвөн доллароор авсан хуучин лонх 100 гаруй мянган долларын үнэ хүрчээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-18
АНУ-ын Виржиниа мужийн иргэн Жэссика Винсэнт хэмээх эмэгтэй өнгөрсөн зургадугаар сард хуучин барааны дэлгүүрээс шилэн лонх худалдаж авчээ. Тэрбээр байнга ордог тэрхүү дэлгүүртээ эд зүйл сонирхож байгаад уг лонхыг олж харсан бөгөөд лонхны ёроол дээр Италийн шилэн урлалын өлгий болох Мурано арлын "М" үсэг бичээстэй байхыг хараад шууд худалдаж авсан байна. Ингэхдээ лонхны үнийг 1000-2000 доллар орчим болох байх гэж төсөөлж байсан ч дэлгүүрийн эзэн ердөө 3.99 доллар гэхэд нь шууд авчээ. Худалдан авсныхаа дараа тэрхүү лонхны талаар илүү ихийг мэдэхийн тулд Фэйсбүүк группт хандахад хүмүүс түүний лонхыг Италийн алдарт архитектор Карло Скарпагийн (1906-1978)-гийн бүтээл байх магадлалтайг хэлээд дуудлага худалдааны газарт хандахыг зөвлөжээ. Үүний дагуу тэрбээр дуудлага худалдааны газарт хандаж үзэхэд мэргэжилтнүүд шинжилж үзээд уг лонх нь 1940-өөд онд К.Скарпагийн зохион бүтээсэн цуврал бүтээлийн нэг болохыг тогтоосон байна. Нөгөө талаар уг лонх ямар нэгэн сэв суугаагүй, маш сайн хадгалагдсан байжээ. Улмаар Ж.Винсэнт лонхоо даруй дуудлага худалдаан оруулахад 107 мянган доллараар зарагджээ. Уг лонхыг Европын нэгэн цуглуулагч дээрх үнээр худалдаж авсан бөгөөд уг цуглуулагчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.