Хилийн чанад дахь Оросын битүүмжилсэн хөрөнгийг хурааж Украиныг дэмжихэд зориулна
Анд нөхдийн мэдээ
2023-12-18
“Их долоо”-гийн удирдагчид Оросын хилийн чанад дахь битүүмжилсэн хөрөнгийг хурааж, Украин улсын аюулгүй байдлыг дэмжихэд ашиглах арга замын талаар ярилцаж байгаа тухай Их Британийн өдөр тутмын “Financial Times” сонин мэдээлэв. Тодруулбал, АНУ, Япон, Герман, Их Британи, Франц, Итали, Канад орнууд ойролцоогоор 300 тэрбум долларын битүүмжилсэн хөрөнгийн зарим хэсгийг ашиглах асуудлыг сүүлийн үед шуурхай хэлэлцэж байгаа ажээ. Энэхүү алхам нь Европын холбоо тус бүс нутагт битүүмжилсэн Оросын хөрөнгийг Украины сэргээн босголтыг санхүүжүүлэхэд ашиглах үйл явцыг эхлүүлсний дараа хийж байгаа бөгөөд Барууны орнууд Украинд нэмэлт дэмжлэг үзүүлэхгүй байгаатай холбоотой арга хэмжээ хэмээн ажиглагчид үзэж байна. Өмнө нь "Их долоо"-гийн Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн сарын 8-нд хамтарсан мэдэгдэл хийж, "Бид Украинд учруулсан хохирлоо барагдуулах хүртэл ОХУ-ын өмч хөрөнгийг улс бүрийн хууль эрх зүйн тогтолцооны дагуу царцаах болно" гэж мэдэгдсэн юм. Хэрэв энэхүү яриа хэлэлцээ ёсоор Оросын хөрөнгийг хураавал дайны дараах сэргээн босголтод асар их зардал шаардагдах Украинд хөрөнгийн шинэ эх үүсвэр бий болно. Улмаар АНУ-ын албаны хүмүүс Оросын хөрөнгийг ашиглах талаар шийдвэр тун удахгүй гарна хэмээн мэдэгджээ. Үүний өмнөхөн буюу 12-ны өдөр Европын комисс тус бүс нутгийн санхүүгийн байгууллагуудын битүүмжилсэн Оросын хөрөнгийг Украины сэргээн босголтод зарцуулахаар тохиролцсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.