images

Йорданы гүнж Газын зурваст эмнэлгийн тусламж хүргэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-18


   Йорданы хаан II Абдуллагийн охин Салма гүнж яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор Палестины хойд хэсэгт байрлах Газын зурвас дахь Йорданы хээрийн эмнэлэг айлчилсэн тухай Арабын Нэгдсэн Эмират улсын "Gulf Today" сонин мэдээлэв. Израиль болон Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэлийн хооронд дайн эхэлснээс хойш Йордан улс тус эмнэлэгт агаарын замаар эм тариа, эд материалийн тусламж үзүүлсээр байгаа ажээ. Цэргийн дүрэмт хувцас өмссөн Салма гүнж тус хээрийн эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл буулгах ажиллагаанд оролцсоныхоо дараа цэргийн нисэх онгоцонд бусад цэргүүдтэй зургаа авахуулж, ярилцаж буй гэрэл зураг, видео бичлэгүүд нийтлэгджээ. Өдгөө 23 настай Салма гүнж нь Йорданы Хааны нисэх хүчний дэслэгч цолтой бөгөөд 2020 онд тус улсын анхны эмэгтэй цэргийн нисгэгч болсон юм. Энэ тухайд тус улсын хааны хатан Раниа instagram хуудсандаа "Салма Йорданы нисэх хүчний дайчдын хамт Газын зурваст яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхэд оролцож байна. Бурхан та бүхнийг ивээг" хэмээн нийтэлсэн байна. Салма гүнж 2018 онд Йорданы нийслэл Амман хотын Олон улсын академийг дүүргэж, АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуульд суралцаж, дараа нь Йорданд нисэхийн чиглэлээр суралцсан ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.