images

Японд шөнийн цагаар ундаа хямдарна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-18


   Япон улс Кока кола, Фанта зэрэг автомат машинаас худалддаг ундааны үнийг шөнийн цагаар хямдруулдаг системийг ирэх оноос нэвтрүүлэхээр болжээ. Үүний гол зорилго нь сүпермаркет орой хаахын өмнө хаалтын хямдрал үзүүлдэгтэй нэгэн адил үнээ өдөр шөнийн цагт өөр өөр байлгах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх явдал ажээ. Nihon Keizai Shimbun сонины мэдээлснээр Coca-Cola Bottlers Japan компани автомат машины ундааны үнийг шөнийн цагаар 10 иенээр бууруулахаар болсон байна. Үүний дагуу одоогийн байдлаар дунджаар 130 иенээр зарагдаж буй 350 мл-ийн лаазтай ундаанууд (Coca Cola, Zero Cola, Fanta) 120 иен болж буурах, мөн 180 иенийн үнэтэй 500 мл-ийн хуванцар савтай ундаанууд 170 иен болж хямдрах ажээ. Ундааны автомат машинууд нь мөн савласан ус, кофе зардаг бөгөөд эдгээр бүтээгдэхүүнд ч мөн адил энэ системд хамрагдах аж. “Coca-Cola Bottlers Japan” компани өнгөрсөн тавдугаар сард зарим бүс нутагт энэхүү системийг туршиж үзсэн бөгөөд туршилтын үр дүнд борлуулалт огцом нэмэгдсэн үзүүлэлт гарсан тул орон даяар хэрэгжүүлэхээр болсон байна. Уг системийг бүрэн нэвтрүүлэхээс өмнө тус компани хиймэл оюун ухаан ашиглан нийт орон даяар суурилуулсан автомат машинуудын эрэлт, борлуулалтын нарийвчилсан мэдээллийг гарган, дүн шинжилгээ хийхээр болжээ. Тус улсад автомат худалдааны машины тоо ойролцоогоор 4 сая орчим буюу 30 хүн тутамд 1 байдаг аж. Үүнээс “Coca-Cola Bottlers Japan” компани нь 700 мянган автомат эзэмшдэг бөгөөд энэ нь салбартаа хамгийн том нь, зах зээлийн 30 гаруй хувийг эзэлдэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.