images

Австрали: 20 жил шоронд хоригдсон эмэгтэйг гэм буруугүйд тооцон цагаатгажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-15


   Австралид дөрвөн хүүхдийнхээ аминд хүрсэн хэргээр 20 жил ял эдэлсэн эмэгтэйг цагаатгаж, нэр төрийг нь сэргээжээ. "The Australian" сонины мэдээлснээр, тус улсын Шинэ Өмнөд Уэльс мужийн давж заалдах шатны шүүх хүн амины хэрэгт буруутгагдан ял эдэлж байсан Кэтлин Полбигт ял оноосон өмнөх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүүхдүүд нь байгалийн жамаар, өвчний улмаас нас барсан гэж үзсэн байна. Түүнийг 1989-1999 оны хооронд төрсөн дөрвөн хүүхдийнхээ гурвыг нь санаатайгаар хөнөөж, санамсаргүй байдлаар бас нэг хүүхдээ үхэлд хүргэсэн хэмээн буруутгаж, 2003 онд болсон шүүх хурлаар 40 жилийн хорих ял оноосон аж. Тухайн үед Австралийн хэвлэл мэдээллийнхэн түүнийг хамгийн хэрцгий эмэгтэй алуурчин гэж байжээ. Гэвч 2021 онд эрдэмтэд талийгаач хоёр охин гэнэтийн үхэлд хүргэж болзошгүй генийн мутацитай байсныг илрүүлж, үүнтэй 90 гаруй эрдэмтэн санал нэгдэн, улмаар эмч нар болон шинжээчид дахин мөрдөн байцаалт явуулах хүсэлт гаргажээ. Тус мужийн шүүхээс тэтгэвэртээ гараад байсан шүүгч Том Батурстад энэ хэргийг дахин мөрдөн шалгах үүрэг өгсөн бөгөөд тэрбээр хүүхдүүдийн үхэл байгалийн жамаараа явагдсан гэж үзэн өмнөх шүүхийн шийдвэр буруу гарсан гэж дүгнэжээ. Шүүгчийн гаргасан энэхүү шийдвэрийн дагуу өнгөрсөн зургаадугаар сард К.Полбигийг өршөөсөн бөгөөд тэрбээр суллагдсаныхаа дараа давж заалдах шатны шүүхэд дахин өргөдөл гаргаж, улмаар шүүх ялыг нь хүчингүй болгон цагаатгасан байна. Тэрбээр "Хүүхдүүд минь яагаад нас барсан талаар сүүлийн үеийн шинжлэх ухаан надад хариулт өгсөнд би талархаж байна" гээд, хуулийн тогтолцоо хүүхдүүдийг нь өөр шалтгаанаар нас барсан гэж бодохоос илүү түүнийг буруутгахыг чухалчилсаар ирсэн тухай ярьжээ. Мөн өмгөөлөгч нь түүний шоронд хоригдсон хугацааны нөхөн төлбөрийг нэхэмжлэхээ мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.