images

Владимир Зеленский Германд гэнэтийн айлчлал хийв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-15


   Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр Германд гэнэтийн айлчлал хийлээ. Германы Франкфурт хотын Цагдаагийн газраас мэдээлснээр “Өнөөдөр Хессен мужид Украины ерөнхийлөгч айлчлах тул аюулгүй байдлын үүднээс зарим газрын замыг түр хаах болсныг мэдэгдэж байна” гэсэн байна. Мөн тус улсын “Wiesbadener Courier” зэрэг хэвлэлүүд “Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын Европ, Африкийн хүчний төв байр байрладаг Висбаден дахь АНУ-ын цэргийн нисэх онгоцны буудалд очсон” гэжээ. Орос улс Украинд довтолсны дараа АНУ Висбаден дахь цэргийн баазад Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгийг зохицуулах төв байгуулах яриа хэлэлцээ хийж байсан юм. Улмаар тус баазад Украины армийн боловсрол, сургалт, барууны зэвсгийн хангамжийн зохицуулалтыг хийж байгаа нь нийтэд ил болсон билээ. Өмнө нь ерөнхийлөгч В.Зеленский АНУ-д хийсэн айлчлалаа дуусгасан даруйдаа Норвегийн Осло хотод айлчилж, Норвеги, Швед, Финланд, Исланд, Дани зэрэг таван улстай дээд хэмжээний уулзалт хийж, цэрэг зэвсгийн тусламжаа үргэлжлүүлэхийг уриалсан байна. Үүний зэрэгцээ, ОХУ-тай хиллэдэг Европын холбоо болон НАТО-гийн гишүүн Эстони улс Украинд 80 сая еврогийн цэргийн нэмэлт дэмжлэг үзүүлэхээр болжээ. Үүнд танк эсэргүүцэгч пуужин, пулемёт, сум, төрөл бүрийн цэргийн машин техник, хөлөг онгоц, шумбах хэрэгсэл багтсан байна. Эстонийн Батлан ​​хамгаалахын сайд Хано Пепкур “Энэхүү тусламжийн багц нь Украин улсад аль болох ашигтай байхаар зохион байгуулагдсан” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.