ХАМАС-ын довтолгооны үеэр 12 удаа буудуулсан дэслэгч бүсгүй амьд гарчээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-12
Өнгөрсөн аравдугаар сарын 7-нд Палестины ХАМАС бүлэглэл Израиль руу дайрах үеэр Израилийн цэргийн албан хаагч, дэслэгч Эден Рам хэмээх бүсгүй 12 буудуулсан ч амьд үлдсэн байна. Тэрбээр буудалцааны үеэр ийнхүү хүнд шархадсан ч амиа алдсан хүмүүсийн дунд үхсэн мэт хөдөлгөөнгүй хэвтэж, гал зогсохыг хүлээсэн тухайгаа ярьжээ. Дэслэгч Э.Рам үхэл амьдралын зааг дээр байсан тэр үеийн нөхцөл байдлыг эргэн дурсаж ярьсныг нь үзвэл өмнөд бүс дэх цэргийн баазад алба хааж байхдаа довтолгоон болсон өглөө өөр 12 цэргийн хамт анхааруулах дуут дохиогоор хоргодох байр луу гүйж явахдаа эхлээд хөлөндөө шархадсан байна. Түүний эргэн тойронд тэсрэх бөмбөг дэлбэрэх чимээ сонсогдож, буун дуу, гранат тэсрэх чимээ 30 минутын турш үргэлжилсэн бөгөөд удалгүй ХАМАС-ын дайчид хоргодох байр луу орж ирээд зогсолтгүй гал нээсэн аж. Улмаар тэднийг бүгд үхсэн эсэхийг шалгаж үзээд орхин гарчээ. Үүний дараа тэрбээр дүрэмт хувцсаа тайлж гар хөлийнхөө шархыг боосон бөгөөд аврах багийнхныг иртэл дөрвөн цаг орчим хүлээсэн байна. Тэр тухайгаа "Миний хаана сум туссан, хэр их цус алдсан, хэр удаан амьд байж чадахаа мэдэхгүй байсан" гэжээ. Аврах багийнхан ирж түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд 48 цагийн дотор хоёр удаа хагалгаанд орсон аж. Тэрбээр хөл, гар, биедээ нийт 12 удаа сумны шарх авсан байсан ч хагалгаа амжилттай болж одоогоор нөхөн сэргээх эмчилгээ хийлгэн бие нь сайжирч байна. Түүнийг Израилийн ерөнхийлөгч Ицхак Херцог Эр зоригийн одонгоор шагнасан бөгөөд шагнал гардах үеэрээ тэрбээр “Би хөл дээрээ боссондоо маш их баяртай байна. Бие сайжирч байгаа нь гайхамшиг юм” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.