Шоронд хоригдож буй Нобелийн шагналт бүсгүйн шагналыг хүүхдүүд нь гардаж авав
Анд нөхдийн мэдээ
2023-12-11
Энэ жилийн Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Ираны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч бүсгүй Наргес Мохаммади өнөөдөр Шведийн Стокхольм хотноо болсон шагнал гардуулах ёслолд оролцож чадсангүй. Учир нь тэрбээр хууль бус жагсаал цуглаан хийсэн гэх хэргээр шоронд ял эдэлж байгаа юм. Гэсэн ч Норвегийн Осло хотод болсон шагнал гардуулах ёслолд түүний хоёр ихэр хүүхэд оролцож, ээжийнхээ өмнөөс шагналыг гардан авч үг хэлсэн байна. Наргес Мохаммади бүсгүй 2021 онд үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр 10 жил 9 сарын хорих ял авсан бөгөөд Нобелийн хорооны дарга Берит Рейсс-Анерсен өнгөрсөн аравдугаар сард Нобелийн шагналын эзнийг тодруулахдаа, шоронд байгаа Н.Мохаммадийг арванхоёрдугаар сард болох шагнал гардуулах ёслолд оролцуулах талаар эерэг шийдвэр гаргаж өгөхийг Иран улсаас хүссэн ч хүлээж аваагүй байна. Энэ удаагийн ёслолд түүний охин Киана, хүү Али нар оролцсон бөгөөд тэд 2015 онд аав Таги Рахманигийн хамт Франц руу дүрвэн гарсан аж. Хүүхдүүд нь франц хэлээр уншсан илтгэлд Н.Мохамеди "Би энэ захиасыг шоронгийн өндөр, хүйтэн хананы цаана бичиж байна" гээд "Ираны ард түмэн хүний эрхийг уландаа гишгэж буй энэхүү харгис дарангуйллыг тэвчээртэйгээр даван туулах болно" гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ "Засгийн газар хижаб өмсөхийг албадах нь шашны үүрэг ч биш, уламжлалт соёл ч биш бөгөөд энэ нь зөвхөн дарангуйлагчид эрх мэдлээ хадгалж, ард иргэдийг дуулгавартай байлгах гэсэн оролдлого юм” гэсэн байна. Түүнд Нобелийн шагнал олгох болсон талаар Б.Рейс-Анерсен хэлэхдээ “Тэрбээр Ираны эмэгтэйчүүдийн дарангуйллын эсрэг тэмцэж, хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжихэд хувь нэмрээ оруулсан” гэж онцлон дурдсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.