images

"Snoopy" шинэ үеийнхний дунд алдаршиж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-11


   1950-иад оны үеийн "Peanuts" хүүхэлдэйн киноны дүр болох “Snoopy” АНУ-д Z үеийнхний дунд ихэд алдаршиж, энэ оны хамгийн алдартай тоглоом болсон тухай “The Wall Street Journal” сонин мэдээлэв. Z үе гэдэг нь 1990-ээд оны дунд үеэс 2000-аад оны эхэн үед төрсөн хүмүүсийг нэрлэсэн нэршил юм. Харин “Snoopy” бол киноны зураач Чарльз Монро Шульц 1950 онд "Peanuts" цувралыг сонинд гаргаж эхлэхдээ танилцуулсан бигль үүлдрийн нохойн дүр бөгөөд тус киноны гол дүр болох Чарли Брауны нохой юм. Цэнхэр хүрэм, судалтай малгай өмссөн тус хүүхэлдэйг өнгөрсөн сарын 17-ноос эхлэн "Christmas Edition" нэрээр эм, гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг CVS дэлгүүрт худалдаалж эхэлжээ. Харин онлайн худалдааны сайтууд дээр 40-70 доллараар зарагдаж байна. 20 дугаар зууныхны хайртай баатар “Snoopy”-гийн нэр хүнд орчин үед ийнхүү өссөөр хөнжил, дэр, аяга, унтлагын хувцас гэх мэт түүний дүрс бүхий олон төрлийн бараанууд худалдаалагдаж байна. “Snoopy” зэрэг өвөрмөц дүрүүдийн оюуны өмчийн эрхийг эзэмшдэг “Peanuts Worldwide” компанийн мэдээлснээр энэ онд ойролцоогоор 8.8 сая долларын борлуулалт хийгдэх төлөвтэй байгаа ажээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын "Улаан загалмай" нийгэмлэг цусаа хандивласан хүмүүст “Snoopy”-гийн зурагтай подволк үнэгүй өгсөн бөгөөд тухайн үед ийм подволк авахын тулд цусаа өгөх хүмүүсийн тоо огцом нэмэгдэж байжээ. Мөн “Snoopy”-ийн нэр хүнд өсөхийн хэрээр “Apple” компани өнгөрсөн есдүгээр сард “Apple Watch” үйлдлийн системээ шинэчилж, дэлгэцийн зураг дээр “Snoopy”-гийн дүрийг оруулсан байна. Улмаар 2025 онд Apple TV сувгаар "Peanuts" уран сайхны кино гарахаар болжээ. “Snoopy”-д дуртай хүмүүс уг дүр тэдэнд сэтгэлийн тайвшрал өгдөг гэж үздэг аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.