Эртний эдлэл хэмээн хадгалж байсан зүйл нь тэсрэх бөмбөг байжээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-11
Их Британийн Милфорд Хэйвэн хотод амьдардаг өндөр настан эхнэр, нөхөр хоёр гэрийнхээ хашаан дотор тэсрэх бөмбөг хэлбэртэй, хуучны эд зүйл гэж харагдахаар нэгэн зүйлийг 40 гаруй жилийн турш хадгалсаар иржээ. Тэд уг байранд 1982 онд нүүж ирсэн бөгөөд байрны өмнөх эзэн нь тэрхүү эдлэлийг 100 гаруй жилийн настай ховор эд хэмээн үлдээгээд явсан байна. Эхнэр нөхөр хоёр ч түүнийг тэсрэх бөмбөг дуурайлган хийсэн дурсгалт эд хэмээн үзэж улаан өнгөөр будаад, арчиж цэвэрлэн хадгалсаар иржээ. Гэтэл өнгөрсөн сарын 29-нд тэдний гэрийн хажуугаар өнгөрч явсан цагдаагийн ажилтан тэрхүү эдийг санамсаргүй олж хараад, жинхэнэ тэсрэх бөмбөг хэмээн үзэж Батлах хамгаалах яаманд мэдэгдэх шаардлагатайг сануулсан байна. Цагийн дараа цагдаагийн албан хаагч тэднийд эргэж ирээд тэсрэх бөмбөг аюулгүй болгох мэргэжлийн баг ирэх болсныг дуулгаад, ойр орчмын бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарч болохыг тайлбарласан гэнэ. Энэ тухайд гэрийн эзэн 77 настай Эдвардс "Бид энэ байшинд 41 жил амьдарсан. Ийм түгшүүртэй мэдээ анх сонсоод тэр шөнө унтаж чадаагүй" гэжээ. Шинжилгээний үр дүнд уг бөмбөг нь 64 паунд жинтэй тэнгисийн цэргийн пуужин байсан бөгөөд дэлбэрч болзошгүй идэвхтэй байдалд байгаа нь тогтоогдсон байна. Тэсрэх бөмбөгийн мэргэжлийн багийнхан уг бөмбөгийг ойролцоо орших хайрганы карьер руу зөөж, элсээр булж байгаад дэлбэлж аюулгүй болгожээ. Энэ мэдээг сонссон ноён Эдвардс "Эртний найз минь юмсан. Тэсэрч үгүй болсон нь харамсалтай байна" хэмээн хошигносон тухай ВВС мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.