АНУ-ын цэрэг Шведэд байршина
Анд нөхдийн мэдээ
2023-12-08
Украины дайны дараа НАТО-д элсэхийг эрмэлзэж буй Швед улс дотоодын цэргийн баазуудаа АНУ-д ашиглуулахыг зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурлаа. Тус хоёр улс дээрх агуулга бүхий батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан тухай “Times” сонин мэдээлжээ. Энэхүү гэрээ ёсоор АНУ-ын арми Швед улсын 17 цэргийн баазад цэргээ байршуулах бөгөөд АНУ-ын цэргийн машин техник, байлдааны хөлөг онгоц, нисэх онгоцууд тус улсад чөлөөтэй нэвтрэх боломжтой болсон байна. Шведийн Батлан хамгаалахын сайд Пал Йонсон хэлэхдээ тус улс Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш аюулгүй байдлын хувьд хамгийн адармаатай орчинд ороод байгааг дурдаад "Энэхүү гэрээ нь Швед улс дайн, хямралын үед АНУ-аас дэмжлэг авах илүү сайн нөхцлийг бүрдүүлж байна" хэмээн онцолсон байна. Улмаар уг гэрээг "Түүхэн гэрээ" хэмээн онцлоод АНУ одоо НАТО-гийн шийдвэргүйгээр онцгой байдлын үед Шведтэй хамтран ажиллах боломжтой болсныг хэлжээ. Мөн АНУ-ын Төрийн департамент "Швед бол НАТО-гийн үнэт зүйлсийн төлөө тэмцэж буй хүчирхэг, чадварлаг түнш бөгөөд НАТО-д элссэнээр энэ холбоо улам хүчирхэг болно" гэж мэдэгдэв. Уламжлал ёсоор цэргийн эвсэлд үл нэгдэх бодлого баримталж ирсэн Швед улс өнгөрсөн онд ОХУ Украинд довтолсны дараа энэ бодлогоосоо татгалзаж, НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ гаргасан юм. Гэвч Турк, Унгар хоёрын эсэргүүцэлтэй тулгарснаар элсэх хугацаа хойшлогдоод байгаа билээ. Сөрөг хүчний Социал демократ намын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Питер Хултквист уг хэлэлцээрийг дэмжиж буйгаа илэрхийлж “Энэхүү гэрээ нь одоогийн бидний амьдарч буй аюулгүй байдлын орчинд маш чухал" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.