Рестораны ажилтны биед халдаж танхайрсан бүсгүйд хоолны газарт ажиллах шийтгэл ногдуулжээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-08
Америкийн нэгэн алдарт франчайз рестораны ажилтны нүүр лүү аяга дүүрэн хоол цацсан эмэгтэйд шүүхийн шийтгэл ногдуулсан тухай CNN мэдээлэв. Энэхүү хэргийг өдүүлсэн 39 настай Розмари Хэйн хэмээх бүсгүйд Охайо мужийн Парма хотын шүүхээс нэг сар баривчилж, түргэн хоолны газарт 60 хоног ажиллах шийтгэл оноосон байна. Р.Хэйн өнгөрсөн есдүгээр сарын 5-ны өдөр “Chipotle Mexican Grill” ресторанаар үйлчлүүлж байхдаа тус рестораны менежер Эмили Расселийн нүүр лүү аягатай хоолоо цацсан хэргээр шүүхэд дуудагдсан аж. Хэрэг явдал болох үед Р.Хэйн 17 настай ажилтан руу хашгирч загнаж байсан тул менежер Рассел түүнтэй ярилцаж уучлал гуйгаад хүссэн ёсоор нь шинээр хоол өгсөн боловч тэрбээр тавагтай хоолоо менежерийн нүүр лүү цацжээ. Тухайн үед тус ресторанаар үйлчлүүлж байсан өөр нэгэн хүн энэ үйлдлийг гар утсаараа бичиж аваад цахим орчинд байршуулснаар хүмүүсийн шүүмжлэл, дургүйцлийн гол сэдэв болсон байна. “Washington Post” сонины мэдээлснээр Э.Расселийн нүүр бага зэрэг түлэгдэж ажлаа орхиход хүрсэн байна. Энэ хэргийг өдүүлсэн Розмари Хэйн шүүхээр орж түүнд гурван сарын хорих ял оноохоор болжээ. Харин хэргийг хариуцсан шүүгч Тимоти Гилмор "Та шоронд суухын оронд хохирогчийн оронд ажиллаж үзээд бүхнийг эргэцүүлэн бодвол ямар вэ?" гэсэн санал тавьж хэрэгтэн Р.Хэйн ч зөвшөөрчээ. Ингээд шүүгч Т.Гилмор түүнд 30 хоног баривчлах, 60 хоног түргэн хоолны газар ажиллах шийтгэл оноосон байна. Одоогоор Р.Хэйн долоо хоногт 20 цаг ажиллах боломжтой түргэн хоолны газар хайж байна хэмээн CNN мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.