Өмнөд Солонгос: 94 настай эмээ "Улаан загалмай" нийгэмлэгт зорьж ирсний учир юу байв?
Анд нөхдийн мэдээ
2023-12-07
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Өмнөд Солонгосын "Улаан загалмай" нийгэмлэгийн Сөүл дэх салбарт нэгэн эмээ зочилжээ. Тэрбээр салбарын захирлыг асууж сурагласаар ирж уулзаад, дугтуйтай зүйл өгөөд нэр усаа ч хэлэлгүй явж одсон байна. Тэрхүү эмээгийн өгсөн дугтуйн дотор нэг сая вон, нүүрэн талд нь гараар бичсэн товчхон зурвас байжээ. Эмээгийн бичсэн зурваст “Аав ээжгүй өсөж буй хүүхдүүдэд үүнийг зориулаарай. Би дөрвөн ач, зээтэй, тэд минь бага насандаа тусламж хүртэж байсан. Би 94 настай” гэсэн товчхон үгс байжээ. Тухайн үед эмээг хүлээж авсан сайн дурын ажилтан хэлэхдээ “Эмээ надтай уулзахаар ирсэн учраа хэлэхэд нь би түүнд тусламж хэрэгтэй болоод ирсэн байх гэж бодсон” гэсэн байна. Тэрбээр эмээгийн өргөсөн энэхүү халуун сэтгэлийн хандивыг түүний хүсэлтийн дагуу хүүхдийн асрамжийн газраас гарч бие даан амьдрахаар бэлтгэж буй хүүхдийн амьдрах байрны зардалд зориулахаар төлөвлөж буйгаа хэлсэн байна. Тус нийгэмлэгийн салбар нь "Халуун сэтгэл" уриан дор энэ сарын нэгний өдрөөс ирэх нэгдүгээр сарын сүүл хүртэл хандив цуглуулах кампанит ажил эхлүүлээд байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.