Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон цар тахлын хохирогчдоос уучлал гуйлаа
Анд нөхдийн мэдээ
2023-12-07
Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ын халдварын улмаас учирсан хохирлын төлөө албан ёсоор уучлалт гуйлаа. Тэрбээр өчигдөр COVID-19-ийн талаарх олон нийтийн сонсголд гэрчээр оролцохдоо “Би COVID-19 вирусын ноцтой байдлыг эрт ойлгох ёстой байсан. Маш хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахдаа алдаа гаргасан байж магадгүй" гээд цар тахлын хохирогчид болон тэдний гэр бүлийнхэнд учирсан хохиролд гүнээ уучлалт гуйж буйгаа илэрхийлсэн байна. Мөн үүний зэрэгцээ тэрбээр 2020 оны гуравдугаар сарын эхээр цар тахлын халдвартай хүмүүстэй гар барьж явсан, мөн баяр наадам зэрэг томоохон арга хэмжээг цуцлаагүйдээ өөрийгөө буруутгасан аж. Тухайн үед цар тахлын үеэр түүний Тамгын газрын ажилтнууд болон бусад хүмүүс хөл хорио тогтоох журмыг зөрчин үдэшлэг зохион байгуулсан, мөн Б.Жонсон болон одоогийн ерөнхий сайд Риши Сунак нар Б.Жонсоны төрсөн өдрийн үдэшлэгт оролцсоныхоо төлөө торгууль төлж байсан байна. Энэ өдөр COVID-19-ийн хохирогчдын ар гэрийнхэн болон бусад хүмүүс сонсгол хийж буй танхимын гадаа “Цар тахлаар нас барсан хүмүүс таны уучлалыг сонсож чадахгүй” гэсэн бичиг барин эсэргүүцлийн жагсаал хийжээ. Хоёр өдрийн турш мэдүүлэг өгөх ёстой байсан Б.Жонсон хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзахаас зайлсхийж, эхний өдөр товлосон цагаасаа гурван цагийн өмнө сонсголын танхимд иржээ. Сонсгол үргэлжилж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.