images

Израилийн арми ХАМАС-ын удирдагчийн гэрийг бүсэлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-07


   Израилийн арми ХАМАС бүлэглэлийн удирдагчдыг баривчлах тусгай ажиллагаа явуулж, тус бүлэглэлийн голлох удирдагч Яхья Синварын орогнож байгаа байрыг бүсэлсэн байна. Тэднийг Газ зурвасын өмнөд хэсэгт байрлах Хан Юнис хотын хонгилд нуугдаж байгаа гэж үзэж байгаа бөгөөд Израилийн цэргийнхэн тус газарт цэргийн ажиллагаа явуулж эхэлжээ. Израилийн "The Times of Israel" сонинд ерөнхий сайд Беньямин Нетаньяху ярилцлага өгөхдөө "Өнөөдөр манай цэргүүд Я.Синварын гэрийг бүсэлсэн. Түүний гэр нь цайз биш, зугтаж болох ч бид түүнийг барихдаа л барина" гэжээ. Харин Я.Синвар гэртээ байхгүй, бусад удирдагчдын хамт Хан Юнисийн доорх хонгилд нуугдаж байгаа хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Өчигдөр Израилийн арми ХАМАС-ын удирдагчид нуугдаж байгаа Газын зурвасын өмнөд хэсгийн хамгийн том хот болох Хан Юнисын эсрэг томоохон тулаан эхлүүлсэн юм. Тулалдааныг удирдаж буй Өмнөд хүчний командлагч, хошууч генерал Ярон Финкельман тухайн өдрийн нөхцөл байдлын талаар “Бид Хан Юнисын тулалдаанд өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд урагшилсаар байна” гэжээ. Израилийн цэргийнхэн ХАМАС бүлэглэлийн гол удирдагч болох Я.Синварыг устгах ёстой нэг номерын хүн гэж олон нийтэд мэдэгдсэн бөгөөд ерөнхий сайд Беньямин Нетаньяху түүнийг “Үндэс угсаа нэгтнүүдийнхээ зовлон зүдгүүрийг үл тоомсорлон хонгилд нуугдаж буй бяцхан Гитлер” гэжээ. Я.Синвар болон ХАМАС-ын голлох гурван удирдагч, тухайлбал Эль Дейф, Марван Иса нарыг үгүй хийх, эсвэл баривчлах хүртэл Израилийн Газын зурваст хийж буй дайралт зогсохгүй бололтой” гэж “Reuters” агентлаг мэдээлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.