images

Тэйлор Свифт TIME сэтгүүлийн 2023 оны онцлох хүнээр шалгарав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-07


   Поп од Тэйлор Свифтийг Америкийн долоо хоног тутмын TIME сэтгүүл 2023 оны онцлох хүнээр шалгаруулжээ. Дуучин бүсгүйг онцлох болсон шалтгаанаа тус сэтгүүл “Тэйлор Свифт бол гэрэл, харанхуйд хуваагдсан ертөнцийн хил хязгаарыг давж, гэрлийн эх үүсвэр болж чадсан. Өнөөдөр дэлхий дээр хэн ч ийм олон хүний сэтгэлийг татаж, хөгжөөн баясгаж байгаагүй” гэжээ. Улмаар "Энэ бол бидний соёлын илэрхийллийг хэн бүтээж, хэн эзэмшдэг вэ гэсэн асуултыг дахин сөхсөн жил байлаа" гээд "Тэр бас үе солигдож буйн бэлгэдэл юм" хэмээн үнэлжээ. Нөгөө талаар энтертэйнментийн салбарын хүн үндсэн ажил авьяасаараа TIME сэтгүүлийн “Оны хүн”-ээр шалгарсан анхны тохиолдол, мөн энтертэйнмент салбарын хүн дангаараа уг шагналыг хүртсэн анхны тохиолдол ажээ. Өмнө нь Ирландын "U2" рок хамтлагийн ахлагч Боно 2005 онд оны онцлох хүнээр шалгарч байсан ч тэрбээр урлагийн үзүүлэлтээр бус, ядуурлын эсрэг бодитой үйлдэл хийж, хичээл зүтгэл гаргасныхаа төлөө ийнхүү шалгарсан юм. Т.Свифт өмнө нь мөн оны онцлох хүнээр шалгарч байсан. Гэхдээ 2017 онд тэрбээр жүжигчин Эшли Жаддын хамт эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн бодит байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлсэн, "чимээгүй байдлыг эвдсэн" таван хүний ​​тоонд багтаж, үндсэн урлагийн ажлаасаа өөр үйлсээр шалгарч байжээ. Тус сэтгүүл тухайн жилийн улс төр, нийгэмд ихээхэн нөлөө үзүүлсэн хүнийг “Оны хүн”-ээр шалгаруулдаг. "Эдгээр сонгон шалгаруулалт нь олон жилийн туршид тодорхой хэв маягийг дагах хандлагатай явж ирсэн, ихэвчлэн улс төрчид эсвэл эдийн засгийн салбарын магнатууд гэх мэт дээгүүр албан тушаалд ажилладаг эрчүүд шалгардаг байсан" хэмээн хэвлэлүүд онцолж байна. Тус сэтгүүл мөн адил "Т.Свифт урлагийн салбарт амжилтаараа шалгарсан оны анхны хүн боллоо" хэмээн мэдэгдсэн байна. Т.Свифт Хойд Америкаас эхэлж дэлхий даяар тойрон тоглосон "Dieras Tour" аялан тоглолтоороо асар өндөр нэр хүндтэй болсон юм. Энэ хугацаанд түүний тоглолтын танхимууд үргэлж үзэгчдээр дүүрсэн байсан бөгөөд өнгөрсөн долдугаар сард Сиэтлд 70 мянган үзэгч оролцсон тоглолтын үеэр шүтэн бишрэгчдийн хөдөлгөөнөөс болж 2.3 баллын хүчтэй газар хөдлөлт болж байсан юм. Түүний очсон газар болгонд ресторан, зочид буудлын үйлчилгээний үнэ шууд өсөж, "Swiftnomics" гэсэн шинэ нэр томьёо хүртэл гарсан юм. Улмаар түүний соёл, нийгмийн нөлөө өсөхийн хэрээр зарим их дээд сургуулиуд алдарт дуучныг судалж эхэлсэн байна. Харвардын их сургууль ирэх оны хаврын семестерт "Тэйлор Свифт ба түүний ертөнц" нэртэй шинэ хичээл орохоор болсон. Цаашлаад Стэнфордын их сургууль Т.Свифтийн дууны нэрээр “All to Well (10-week version)” нэртэй хичээл, Аризонагийн их сургууль Т.Свифтийн ажил үйлстэй холбоотой сэтгэл судлалын хичээл нээхээр болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.