images

ОХУ: Хүүхдийн хүйсэд тохирохгүй нэр өгөхийг хориглох хуулийн төсөл яригдаж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-07


   ОХУ-д хүүхдүүдэд хүйсэд нь тохирохгүй нэр өгөхийг хориглох хуулийн төслийг сурталчилж эхэлсэн тухай "Известия" сонин мэдээлэв. Тус улсын Төрийн Думын гишүүн Татьяна Буцкая охидод Михаил гэх мэт эрэгтэй нэр өгөх явдал ихсэж байгааг онцлоод үүнийг журамлах хуулийн төсөл боловсруулж байгаагаа мэдэгдсэн байна. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал охидод Миша гэдэг эрэгтэй нэр өгөх боломжгүй болох юм. Одоогийн байдлаар тус улсад хүүхдийн нэрэнд тоо, тэмдэг оруулах, хараалын үг, албан тушаал, цол хэргэмээр нэрлэхийг хориглодог аж. Татьяна Буцкая гишүүн “Хүүхдэд хүйсийн онцлогт тохирсон нэр өгснөөр хэвийн бус хөгжихөөс сэргийлж болно” хэмээн онцолжээ. Улмаар эмэгтэй нэртэй хүү, эсвэл эрэгтэй нэртэй охидод нэр нь сэтгэцийн хувьд ноцтойгоор нөлөөлж, энэхүү гоморхлоороо нийгэмд зохисгүй авирлах магадлалтай тухай тэрбээр тайлбарласан байна. Нөгөө талаар бүх нэрсийг хүйсээр тодорхой ялгах боломжгүй гэсэн сөрөг шүүмжлэл гарч байна. Тухайлбал, Орост Никита нь эрэгтэй хүний нэр боловч Болгарт эмэгтэй хүнийг, мөн Павел хэмээх нэрийг Орост эрэгтэй хүний ​​нэр гэж үздэг бол Зүүн Европт ихэвчлэн эмэгтэйчүүдэд өгдөг ажээ. Сүүлийн үед тус улсад сар (Луна), өвөл (Зима), гуравдугаар сар (Март) гэх мэт байгаль, цаг улирлаар хүүхдүүдийг нэрлэх хандлага түгээмэл болж байгаа бөгөөд эдгээр нэрийг орос хэлний хүйс харгалзахгүйгээр ихэвчлэн сонгодог байна. Энэ талаар Т.Буцкая гишүүн “Хуулийн төсөл дээр ажиллаж байна. Нэрний хүйсийг хэрхэн тодорхойлох талаар профессоруудтай хамтран судалгаа хийж байна” гэжээ. Харин Оросын Үндэсний Найрамдлын их сургуулийн сэтгэл судлалын профессор Илья Слободчиков "Нэр бол эцэг эхийн сайн дурын, бие даасан сонголтын талбар. Үүнд төр оролцох нь утгагүй” хэмээн шүүмжилсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.