Японд тагтаа дайрч хөнөөсөн таксины жолооч цагдаад баривчлагджээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-06
Японд таксины жолооч машинаараа тагтаа дайрч хөнөөсөн хэргээр цагдаад баривчлагджээ. NHK News телевизийн мэдээлснээр, хотын цагдаагийн газар тагтаа дайрч хөнөөсөн таксины жолооч 50 настай Ацуши Озаваг Шувуу хамгаалах хуулийг зөрчсөн хэргээр баривчилсан байна. Уг хуулиар зэрлэг ан амьтдыг санаатайгаар барих, алахыг хориглосон байдаг аж. Харин таксины жолооч үүнийг шударга бус гэж үзэн "Зам бол шувуунд биш, хүнд зориулагдсан. Тагтаа замаас зайлж нисэх ёстой байсан" гэжээ. Тэрбээр өнгөрсөн сарын 13-ны 13.00 цагийн орчимд Токио хотын Шинжүкү-гу дүүргийн нутагт 60 км/цагийн хурдтай давхиж яваад зам дээр байсан сүрэг тагтаа дайрч, нэгийг нь хөнөөсөн байна. Үүнийг харсан нэгэн эмэгтэй даруй цагдаад дуудлага өгчээ. Осол болсон замд 50 км/цагийн хурдны хязгаартай байсан бөгөөд цагдаа нар таксины жолоочийг дүрэм зөрчиж санаатайгаар тагтааг дайрч алсан гэж үзэн Шувуу хамгаалах тухай хууль зөрчсөн хэргээр буруутгаж байгаа аж. "Sankei Shimbun" сонин энэ хэргийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, "Японы хууль эрх зүйн тогтолцоо нь амьтдын хүчирхийллийн эсрэг хатуу заалттай байдаг" хэмээн мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, өнгөрсөн зургадугаар сард Нагоя хотод нэгэн эр өглөө хэрээ олноор гуаглаж тав тус алдагдуулсан гэж уурлан хор цацаж 13 хэрээ алсан хэргээр баривчлагдаж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.