Швейцар улс Оросын 7,7 тэрбум швейцар франкийн хөрөнгийг битүүмжилжээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-04
Өнгөрсөн онд Украинд дайн эхэлснээс хойш төвийг сахисан Швейцар улс Оросын 7,7 тэрбум швейцар франкийн хөрөнгийг битүүмжилсэн байна. Швейцар улс нь төвийг сахисан орны хувьд цэрэг дайны асуудалд аль ч тал руу хэлбийхгүйгээр хатуу байр суурь баримталдаг ч Барууны орнууд Оросын эсрэг тавьсан эдийн засгийн бүх хориг арга хэмжээг хүлээн зөвшөөрчээ. Тус улс өнөөг хүртэл 11 удаа хэрэгжүүлсэн Барууны эдийн засгийн хориг арга хэмжээг хүлээн авч, хориг арга хэмжээнд хамрагдсан байгууллага болон хувь хүмүүсийн хөрөнгийг битүүмжилж, санхүүгийн гүйлгээг хаасан байна. Оросын олигархиуд гэгддэг бизнесийн зүтгэлтнүүд Украинд халдан довтлох, хүний эрхийг зөрчихөд оролцсон хувь хүмүүс болон байгууллагуудын битүүмжилсэн хөрөнгийн хэмжээ ийм тоонд хүрчээ. Гэвч Швейцарын хориг арга хэмжээ идэвхгүй хэвээр байгааг Барууны зарим улс онцолж байна. Санхүүгийн үйл ажиллагаанд үйлчлүүлэгчийн нууцыг чухалчлан үздэг тус улсад одоо буй хэмжээнээс илүү хориг арга хэмжээнд хамрагдах ёстой эд хөрөнгө нуугдаж байсан ч тэдгээрийг битүүмжлэх тал дээр идэвхгүй байна хэмээн шүүмжилжээ. Харин тус улсын Эдийн засгийн хэрэг эрхлэх газрын (SECO) захирал Хелен Будригер-Артида сонинд өгсөн ярилцлагадаа “Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үйл явц хэвийн, хөрш орнуудтай хамтын ажиллагаа сайн явагдаж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.