Австрали: Аялж явсан оюутнууд ослоос азаар амьд гарчээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-04
Австралийн Брисбэн хотын ойролцоох Фрэйзер арлын ойн замд олон жилийн настай өвгөн мод үндсээрээ булгаран унахдаа хөдөлгөөнд оролцож явсан автомашин дээр унасан осол гарчээ. Мод машины зорчигчийн талын урд салхины шилийг нэвтлэн орж ирээд, зорчигчийн суудлын дэрийг нэвт хатгаж гарсан хэдий ч азаар хүний амь нас сүйдээгүй байна. Тухайн үед зорчигчийн суудалд сууж явсан оюутан охин азаар доош тонгойсноор амь үлдэж чаджээ. Тухайн машинд дөнгөж сургуулиа төгссөн таван оюутан охин аяллаар явж байсан бөгөөд зорчигчийн суудалд сууж явсан охин мод унаж ирэхийг харангуут агшин зуур самбаачлан доош тонгойсон нь аз болжээ. Жолоо барьж явсан Маккэнзи "Би бартаатай замаар 30 км/цагийн хурдтай явж байтал гэнэт мод унаж ирсэн. Хэсэг хормын дараа харахад мод урд шилээр орж ирээд арын суудал хүртэл нэвт хатгасан” гэсэн байна. Осол болсны дараа тус улсын сайн дурын оюутнуудын бүлэг ирж тэдэнд тусалсан аж. Оюутнууд дараа нь олон нийтийн сүлжээгээр “Бүгд бэртэж гэмтэлгүй, эрүүл саруул байгаадаа баяртай байна. Сайн дурын нөхөд минь ослын газарт маш шуурхай ирж тусалсанд баярлалаа” гэжээ. Фрейзер арал нь дэлхийн хамгийн том элсэн арал бөгөөд Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг. Орон нутгийн эргүүлийн албаны хүн сүүлийн үед тус арал рүү зорчих оюутнуудын тоо нэмэгдэж байгааг хэлээд, танил бус газар жолоо барьж явахдаа анхаарал болгоомжтой явахыг сануулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.