Хятад: Сибирийн бар хот дотор орж иржээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-01
БНАСАУ, ОХУ-ын хил дээр орших Хятадын Яньбян хотод Сибирийн бар болон ирвэс үзэгдэх болжээ. Өнгөрсөн сарын 20-ны өдөр Жилин мужийн Яньбян хотод хоёр метр орчим урттай Сибирийн бар засмал зам дээр гарч ирсэн дүр зураг хяналтын камерт бичигдэн үлдсэн байна. Гэтэл үүнээс хойш долоо хоногийн дараа буюу мөн сарын 27-ны өдөр Сибирийн ирвэс яг тэр газарт идэш хоол хайсан байдалтай яваа дүрс мөн үлджээ. Зэрлэг амьтан судлаач мэргэжилтнүүд "Зэрлэг бар, ирвэс нь нутаг дэвсгэрийн мэдрэмж сайтай байдаг тул нэг газар байн байн ирэх нь ховор тохиолддог" гэжээ. Үүний дараа орон нутгийн цагдаагийн газраас зэрлэг бар, ирвэс өвлийн улиралд идэш тэжээлийн хомсдолоос болж хүн рүү халдаж болзошгүйг сэрэмжлүүлж, тухайн амьтдын харагдсан газарт анхааруулах самбар байрлуулсан байна. Өмнө нь буюу өнгөрсөн сарын 8-нд Хармөрөн мужийн Харбин хотын ойролцоох тариалангийн тосгонд Сибирийн бар хэдэнтээ үзэгдсэнээр барахгүй хоёр үхэр барьж идсэн байна. Хятадын зүүн хойд хэсэг, тэр дундаа Хойд Солонгос, ОХУ-ын хил дээр орших Хармөрөн, Жилин зэрэг уул нуруу, томоохон гол мөрөн олонтой нутаг нь бар, ирвэс зэрэг зэрлэг амьтдын гол нутаг юм. Хятадын холбогдох байгууллага тус бүс нутагт 60 орчим Сибирийн бар, ирвэс амьдардаг болохыг тогтоожээ. 2021 оны аравдугаар сард Хятад улс Хармөрөн, Жилин мужуудын 14 мянган км/кв нутгийг Сибирийн бар, ирвэсний тусгай хамгаалалттай газар болгон харж хамгаалсаар ирсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.