ХАМАС болон Оросыг дэмжихээ зогсоохыг АНУ Турк улсад анхааруулав
Анд нөхдийн мэдээ
2023-12-01
АНУ Палестины ХАМАС бүлэглэл болон Оросыг дэмжихээ зогсоохыг Турк улсаас шаардсан тухай “Wall Street Journal” мэдээлэв. Тус улсын Засгийн газар Туркийн компаниудыг хориг арга хэмжээнд өртөж болзошгүйг анхааруулж, Турк улсыг ХАМАС бүлэглэлийн сан хөмрөг, Оросын цэргийн хангамжийн худалдааны төв болж байна хэмээн илэн далангүй шүүмжилжээ. АНУ-ын Засгийн газар сүүлийн 10 жилийн хугацаанд ХАМАС-ын толгойлогч нарын эсрэг хориг арга хэмжээ удаа дараа авч байсан ч Турк улс ХАМАС-ын хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө зуучлалын хэд хэдэн компанид Истанбул хотод үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байна. Барууны орнууд, тэр дундаа АНУ-аас ялгаатай нь Турк улс ХАМАС-ыг террорист байгууллага гэж үздэггүй аж. Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган саяхан парламентын хуралдаан дээр “Хамас бол террорист байгууллага биш, харин чөлөөлөх байгуллага, газар нутаг, ард түмнээ хамгаалахын төлөө тэмцэж буй лалын ариун дайчид” гэж хэлсэн байна. Мөн Турк улсаас ОХУ-д хийсэн экспорт энэ оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 89 хувиар өсчээ. АНУ-ын Засгийн газрын албан тушаалтнууд Туркийн боомтыг хууль бусаар зэвсэг тээвэрлэхэд ашиглаж байгаа нь хориг арга хэмжээ авсан Оросын нефть тээвэрлэгч хөлөг онгоцуудад нэвтрэх боломжийг олгож байна гэж мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.