images

Шинэ тэрбумтнууд өв залгамжилсан тэрбумтнуудаас илүү их хөрөнгө хуримтлуулж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-01


   Дэлхий даяар шинээр төрөн гарч буй баячууд өв хөрөнгө залгамжлан авсан хур баячуудаас илүү их хөрөнгө хуримтлуулж байгааг судалгаа харуулжээ. Дэлхийн тэрбумтнуудын тал хувь нь үйлчлүүлдэг Швейцарын UBS банк өнөөдөр гаргасан тайландаа энэ талаар тусгасан тухай CNN мэдээлэв. Тус тайланд дурдсанаар энэ оны дөрөвдүгээр сар хүртэлх сүүлийн нэг жилийн хугацаанд 53 өв залгамжлагч 150.8 тэрбум доллар өвлөн авсан байдаг бол мөн хугацаанд шинээр төрөн гарсан 84 шинэ тэрбумтан 140.7 тэрбум доллар хуримтлуулсан байна. Энэ нь тус банк 10 гаруй жилийн өмнөөс дэлхийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгийг судалж эхэлснээс хойшхи анхны том өөрчлөлт ажээ. Дэлхий даяар тэрбумтнуудын тоо сүүлийн нэг жилийн дотор долоон хувиар нэмэгдэж, 2544 болсон бөгөөд тэдний нийт хөрөнгө 9 хувиар өсч 12 их наяд доллар болжээ. Мөн тус банкны тооцоолсноор 1000 гаруй тэрбумтан ирэх 20 жилийн хугацаанд 5.2 их наяд доллар үр хүүхдэдээ өвлүүлнэ гэнэ. Улмаар шинээр төрөн гарч ирж буй тэрбумтнууд дэлхийн эдийн засагт тулгарч буй гол боломж, сорилтод анхаарлаа төвлөрүүлснээр цэвэр эрчим хүч, хиймэл оюун ухаан (AI) зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийх магадлал эцэг эхээсээ илүү байх болно гэжээ. Нөгөө талаар “Дэлхийн эдийн засаг, геополитик, бодлогын тодорхойгүй байдал нь сүүлийн үед бизнес эрхлэгчдэд хөрөнгө бий болгоход хүндрэл учруулж байна” гэж UBS онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.