“Google” компани Канад улсад мэдээ ашигласны төлбөр төлнө
Анд нөхдийн мэдээ
2023-12-01
“Google” компани CBC телевиз, өдөр тутмын “The Globe and Mail” сонин зэрэг Канадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд жил бүр мэдээ ашигласны төлбөрт 100 сая канад доллар төлөхөөр болжээ. Тус төлбөрийг Канадын Засгийн газраас шинээр байгуулсан тусгай санд төвлөрүүлэх бөгөөд Засгийн газар тэрхүү мөнгийг холбогдох хэвлэл мэдээллийн байгууллагуудад хуваарилах юм байна. Өнгөрсөн оны зургаадугаар сард Канадын парламент Цахим мэдээний тухай хууль баталсан бөгөөд үүнд АНУ-ын “Google”, “Meta” зэрэг технологийн томоохон компаниуд мэдээний төлбөрийг шударгаар төлөхөөр заасан байна. Энэ нь томоохон технологийн компаниудын мэдээ зөвшөөрөлгүй хуулбарлах явдлыг таслан зогсоох арга хэмжээ ажээ. Технологийн компаниуд Канадын хэвлэл мэдээллийн компани тус бүртэй мэдээ нийлүүлэх гэрээ байгуулах, эсвэл Канадын Засгийн газартай гэрээ байгуулах хоёрын аль нэгийг нь сонгох боломжтой ч “Google” компани Засгийн газарт нэг удаа төлөх хувилбарыг сонгосон байна. “Google” компани эхэндээ мэдээний үйлчилгээ үзүүлэхээ зогсооно гэж мэдэгдсэн ч ирэх сарын 19-нд дээрх хууль хэрэгжиж эхлэхийн өмнө байр сууриасаа ухарчээ. Харин “Meta” компани “Facebook”, “Instagram”-аар дамжуулан Канадад мэдээний үйлчилгээ үзүүлэхээ зогсоосон байна. Улмаар тус компани мэдэгдэл гаргаж, "Google болон Канадын Засгийн газар хоорондын гэрээ нь бидний мэдээний үйлчилгээ үзүүлэхээ зогсоосон шийдвэрт нөлөөлөхгүй" гэжээ. Мөн Австрали улс томоохон технологийн компаниуд мэдээний төлбөр төлөх хууль баталсан бөгөөд “Google” компани тус улстай энэ талаар хэлэлцээ хийж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.