Итали: Пиццаны газрын эзэн хар арьст тогооч нараа өмөөрөв
Анд нөхдийн мэдээ
2023-11-30
Италийн Агриженто мужийн Ликата хотын “La Poizzeria” пиццаны газрын эзэн Жанлука Грачи хоёр хар арьст тогооч ажилд авсны дараа борлуулалт нь эрс буурчээ. Нэгэн үйлчлүүлэгч “Гар нь бохир биш гэдгийг мэдэж байна. Гэхдээ тийм хар гараар хийсэн пицца иднэ гэж бодохоор дотор муухайрч байна” гээд, хар арьст тогоочтой байгаа нөхцөлд тус газраар дахин үйлчлүүлэхгүйгээ ний нуугүй хэлсэн байна. Ж.Грачигийн ойр дотнын хүмүүс ч түүнийг ятгаж, хар арьст тогоочоо ажлаас нь гаргахыг эелдгээр зөвлөх болжээ. Гэвч Ж.Грачи өөрийн Фэйсбүүк хуудаснаа хоёр хар арьст тогоочтойгоо авахуулсан зургаа бахархалтайгаар нийтэлжээ. Уг нийтлэлдээ тэрбээр үйлчлүүлэгчдээсээ сонссон арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан эрээ цээргүй үгсийг нэг бүрчлэн дэлгэж “2024 он болж байхад би бүдүүлэг, эрээ цээргүй үгс сонссоор байна” гэсэн тайлбар хийсэн байна. Улмаар "Хар арьстнууд цагаан арьстнаас юугаараа ялгаатайг та мэдэх үү?" гээд "Тэд өлсгөлөн, хүнд бэрхийг туулсан. Тиймээс сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг. Тэд эелдэг, хамт ажиллахад урамтай, хүнд талархаж чаддаг. Ажилгүй, залхуу мөртлөө үргэлж хариуд нь илүү ихийг нэхдэг, тэр ч байтугай хулгай хүртэл хийдэг цагаан арьстнуудаас тэд ийм ялгаатай" гэсэн бол төгсгөлд нь "Би маш чадварлаг, хөдөлмөрч хоёр залуугаасаа салах бодолгүй байна. Харин эрээ цээргүй бүдүүлэг та нараас айж, жигшиж байна" гэжээ. Түүний энэхүү зураг, нийтлэлийг тус улсын өдөр тутмын "La Repubblica" сонин зэрэг олон хэвлэл нийтэлсэн бөгөөд бусдыг арьс өнгөөр ялгаварласан хүмүүсийн бүдүүлэг үйлдлийг ANSA агентлаг онцгойлон буруутгасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.