images

Хятад улс Хэнри Киссинжерийн гавьяаг онцгойлон дурсав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-30


  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хэнри Киссинжер өчигдөр таалал төгссөн явдлыг Хятадын төрийн хэвлэлүүд онцгойлон мэдээлж байна. Түүнийг хоёр улсын найрамдалт харилцаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн, 1970-аад оны үеийн АНУ, БНХАУ-ын хооронд “Ширээний теннисний дипломат ажиллагаа”-г (Ping-pong diplomacy) гардан удирдаж байсныг хэвлэлүүд онцолжээ. Тухайлбал CCTV телевиз Х.Киссинжерийн амьдралыг харуулсан 1 минут 57 секундын бичлэгийг нийтэлсэн байна. Уг бичлэгт "Хэнри Киссинжер бол Хятад, АНУ-ын харилцааны хөгжлийг шинэ шатанд гаргасан "амьд домог", АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон Номхон далайг давсан гар сунгахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан” хэмээн үнэлжээ. Улмаар түүнийг амьд сэрүүн ахуйдаа Хятадад 100 удаа айлчилсныг онцолсон бөгөөд Х.Киссинжер хамгийн сүүлд Хятадад өнгөрсөн долоодугаар сард айлчилсан байна. Тухайн үед БНХАУ-ын дарга Ши Жиньпин Х.Киссинжерийг Бээжингийн “Дяо Юйтай” ордонд хүлээн авч уулзан, түүнийг "Лао пөнёо" (эртний анд) хэмээн хүндэтгэн нэрлэхийн зэрэгцээ хоёр улсын харилцааг сэргээхэд дахин хичээн зүтгэхийг хүсэж байсан ажээ. Улмаар түүний мэндэлсний 100 жилийн ой, Хятадад хийсэн 100 дахь удаагийн айлчлалыг онцлон дурдаж, "Хоёр 100 давхардсан Хятадад хийсэн энэ удаагийн айлчлал онцгой утга учиртай" хэмээж байв. Х.Киссинжер бол Хүйтэн дайн ид өрнөж байсан 1970-аад онд хоёр улсын хооронд харилцааны үүд хаалгыг нээж өгсөн хүн бөгөөд Америкийн дипломат албаны хамгийн ахмад зүтгэлтний нэг юм. Түүний удирдлаган дор 1971 онд АНУ-ын ширээний теннисний баг Хятадад айлчилснаар хоёр орны харилцаа сайжирч эхэлсэн бөгөөд үүнийг “Ширээний теннисний дипломат ажиллагаа” гэж нэрлэдэг. Дараа жил нь тухайн үеийн ерөнхийлөгч Р.Никсон Хятадад айлчилж, Мао Зэдун даргатай түүхэн уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр хоёр удирдагч "Шанхайн мэдэгдэл"-д гарын үсэг зурсан юм. Энэ нь хожим 1979 онд хоёр улсын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоох үндэс болсон түүхтэй. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.