Илон Маск ХАМАС-т барьцаалагдсан хүмүүсийг суллагдах хүртэл хүзүүндээ зүүлт зүүнэ
Анд нөхдийн мэдээ
2023-11-29
Еврейн эсрэг үзэл гаргаж маргаан дэгдээсэн “Тesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск энэхүү үйлдлээ цагаатгахыг оролдон хүчин чармайлт гаргаж байна. Тэрбээр Израильд айлчилж, ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзан, барьцаалагдсан бүх хүмүүсийг суллах хүртэл тэднийг бэлгэдсэн зүүлт зүүхээ амлав. Израилийн Рэйчел хэмээх эмэгтэй өөрийн хүү Хиршийг хулгайлж буй бичлэгийг И.Маскад үзүүлжээ. Мөн ХАМАС-д барьцаалагдсан нэгэн хүүгийн эцэг түүнд "Бидний зүрх Газын зурваст барьцаанд бий" гэсэн үг сийлсэн төмөр зүүлт бэлэглэсэн байна. И.Маск тэр даруй зүүлтийг хүзүүндээ зүүгээд "Та бүхний хайртай хүмүүс барьцаанаас суллагдах хүртэл би энэ зүүлтийг өдөр бүр зүүх болно" гэв. Ийнхүү тэрбээр Израиль болон хулгайлагдсан хохирогчдын ар гэрийнхэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. И.Маск өмнө нь еврейн шашны эсрэг хуйвалдааны онолыг нийтэлсэн цахим нийтлэлтэй санал нэг буйгаа илэрхийлсэн бөгөөд үүнээс болж түүнийг еврейн эсрэг үзэл сурталчилсан хэмээн буруутгаж “Walt Disney”, “Warner Bros Discovery” зэрэг хэд хэдэн компани X (хуучнаар Twitter)-ийн сурталчилгааг зогсоогоод байсан юм. Маргаан улам даамжирсан тул И.Маск "Намайг еврейн эсрэг үзэлтэй гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан нийтлэлүүд нь үнэнээс хол, би зөвхөн хүн төрөлхтний хөгжил цэцэглэлт, хүн бүрийн гэрэлт ирээдүйг л хүсэн хүлээж байна" гэж бичсэн билээ. Дараа нь тэрбээр ийнхүү Израильд айлчилж, тэднийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.