images

БНСУ: Аавдаа элгээ өгч үхлээс аварсан хүү “Ачлал, энэрлийн шагнал” хүртлээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-29


   БНСУ-ын Кёнсан мужийн Гуми хотын ахлах сургуулийн сурагч Ян Хий Чан аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Ээж нь архаг хууч өвчтэй асаргаанд байдаг бөгөөд саяхан аав нь мөн хүндээр өвдөж элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болжээ. Айлын том хүүгийн хувьд тэрбээр хариуцлага үүрч эмчтэй зөвлөлдсөний эцэст аавдаа элгээ өгөхөөр болж, элэг шилжүүлэх мэс засалд орсон байна. Үүний үр дүнд аав нь эрүүл болж дахин хөл дээрээ босжээ. 18 настай сурагч хүү "Би үргэлж мөрөөддөг байсан мэргэжлийн цэрэг болж чадахгүй болсон. Гэхдээ аавыгаа аварч чадсандаа туйлын баяртай байна" гээд одоогоор үйлдвэрийн нарийн тоног төхөөрөмжийн сургалтад сууж, удахгүй ур чадварын олимпиадад оролцож медаль авах зорилготой шаргуу сурч байгаагаа хэлсэн байна.

   Мөн тус улсын Инчоны охидын дунд сургуулийн сурагч 15 настай Чой Юн Бёл аавтайгаа хоёулхнаа амьдардаг бөгөөд чихрийн шижин өвчний улмаас баруун хөлөө тайруулсан аавыгаа асардаг. Аавынхаа хоол ундыг нь бэлдэж өгөх, эм тан уулгах, эмнэлэгт хүргэх зэргийг охин ганцаар хийдэг. Чой охин хичээл сургуулийнхаа хажуугаар энэ бүхнийг түүртэхгүй амжуулдаг бөгөөд эелдэг тусч зан, шаргуу дайчин байдлаараа ойр орчныхоо оршин суугчид, хөрш айлуудынхаа хайр талархлыг хүлээжээ.

   Тус улсын “Качон” соёлын сан өнөөдөр 25 дахь удаагийн “Ачлал, энэрлийн шагнал”-аа энэхүү хоёр сурагчид олгохоор болсон байна. Тус  сангийн үүсгэн байгуулагч, "Качон" их сургуулийн захирал Ли Гил Ёо 1999 онд анх энэхүү шагналыг бий болгож, олон түмэнд ач тустай үйл бүтээхэд гавьяа байгуулсан хүнийг шалгаруулж олгодог болжээ. Уг шагналыг 3-10 сая воны мөнгөн тэтгэлэг дагалддаг. Шагнал гардуулах ёслол ирэх сарын 5-ны өдөр Инчон хотын "Сонгдо" танхимд болно. “Качон” сангийн ажилтан "1999 оноос өнөөг хүртэл бид аав ээж, ах дүү, олон түмэндээ ач энэрлээ хайрласан 313 хүнийг тодруулж нэрэмжит шагналаараа шагнасан" гээд цаашид мөн адил ач энэрэлтэй, тусч нинжин сэтгэлийг дээдлэх үүднээс энэхүү шагналаа олгосоор байх болно гэдгээ онцолсон байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.