Крымийн музейгээс Нидерландад очсон үзмэрүүдийг Орост бус Украинд олгов
Анд нөхдийн мэдээ
2023-11-29
Үзэсгэлэнгийн зориулалтаар түр авсан ч Орос улс Крымийг өөртөө нэгтгэсний улмаас Европын эзэмшилд очоод байсан эртний олдворуудыг 10 жилийн дараа төрөлх нутаг Украинд нь буцаан олгожээ. Их Британийн “Guardian” сонин болон Америкийн CNN агентлагийн мэдээлснээр, Украины үндэсний түүхийн музей Нидерландын Аллард Пирсоны музейгээс алтан хүзүүний зүүлт, алтан дуулга зэрэг эд өлгийн зүйлийг эргүүлэн авсан байна. Эдгээр олдворуудад Хар тэнгисийн эрэг дагуу амьдарч байсан эртний нүүдэлчид болох скиф, сармат овог аймгуудын гоёл чимэглэл зэрэг 565 эд зүйл багтжээ. Тус олдворууд нь Крымийн хойгийн дөрвөн музейн эзэмшилд байж байгаад 2013 онд Нидерландад үзэсгэлэнд дэлгэхээр түр гаргасан бөгөөд дараа жил нь Орос улс Крымийг өөртөө нэгтгэснээр эдгээр дурсгалт эд зүйлсийн өмчлөлийн асуудал маргаан дэгдсэн байна. Нидерландын Дээд шүүх энэ асуудлыг шүүн хэлэлцээд эдгээр олдворуудыг Украин улс эзэмших ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Улмаар музейд хадгалагдаж байсан тус үзмэрүүд энэ сарын 26-ны өдөр Украины Үндэсний түүхийн музейд ирсэн байна. Тус улсын Соёл, мэдээллийн бодлогын сайдын үүрэг гүйцэтгэгч Ростислав Карандеев үүнийг "Агуу түүхэн ялалт" гэжээ. “Энэ бол соёлын өв нь геополитикийн үйл явдлын золиос болсон онцгой тохиолдол” гэж Аллард Пирсоны музейн захирал Элс ван дер Плас хэлээд, олдворуудыг зохих ёсоор нь буцааж өгөх цаг ирэх хүртэл аюулгүй байлгахад анхаарлаа хандуулсан гэдгээ онцолсон байна. Украины Соёл, мэдээллийн бодлогын яам мэдэгдэл хийхдээ, Крымийг Оросын эзлэн түрэмгийллээс чөлөөлөх хүртэл олдворуудыг Киевт хадгална гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.