images

Франц: Түрээслэгч байрны түрээсийн төлбөрөө төлөөгүйд байрны эзэн мөн буруутай гэж шүүх үзжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-29


   Байрны түрээсийн төлбөрөө төлөөгүй түрээслэгч болон байрны эзэн хоёрын хооронд үүссэн маргааныг Францын шүүх авч хэлэлцээд байрны эзэн мөн хариуцлага хүлээх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Учир нь байр түрээслэгч хоёр жил орчим хугацаанд тус байранд амьдрахдаа хөршүүдийн дуу чимээнээс болж тав тух алдан хохирч байсан ч түрээслүүлэгч нь асуудлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн байна. “Le Parisien” сонины мэдээлснээр Элоди хэмээх эмэгтэй 2018 онд Парис хотын Бэллвиль дүүрэгт жижиг байр түрээслэн гурван настай охинтойгоо хоёулхнаа амьдрах болжээ. Гэтэл гурван сарын дараа хажуу байранд нь нэгэн айл нүүж ирснээр ээж охин хоёр тав тух алдаж эхэлсэн байна. Хөрш айл нь өдөр шөнөгүй орилж хашгирч, элдэв ёс бусын дуу чимээ гаргах болсон аж. Зөвхөн ээж охин хоёр төдийгүй доод давхарт нь амьдарч байсан айл энэ талаар гомдол гаргажээ. Тэрбээр “Шөнийн хоёр цагийн үед дээд айл шуугиан дэгдээж эхлэхэд би тэднийг чимээгүй байхыг гуйхаар хаалгыг нь тогшиход зөвхөн чухал хэсгээ хоолны тавгаар халхалсан нүцгэн эр хаалгаа онгойлгосон бөгөөд цаана нь мөн тийм дүр төрхтэй хүмүүс хэд хэд байсан” гэжээ. Тус байрны оршин суугч өдөр бүр архидан согтуурч, мөн хар тамхины үдэшлэг зохион байгуулдаг байсан аж. Улмаар мансуурч согтуурсан хүмүүс орцны айлуудын тав тухыг алдагдуулах болсныг хөршүүд нь нотлон хэлжээ. Элоди бүсгүй тэсэхээ болиод байрны эзэн рүү хэд хэдэн и-мэйл илгээж, тусламж хүссэн боловч нөхцөл байдал өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүйн дээр байранд нь хорхой шавж, жоом ихээр үзэгдэх болсон тул тэрбээр түрээсийн төлбөрөө төлөхгүйгээр тус байрнаас гарчээ. Үүнээс болж байрны эзэн түүний эсрэг нэхэмжлэл гаргаж, хугацаа хэтэрсэн түрээсийн төлбөрийг төлүүлэхээр шүүхэд хандсан байна. Өнгөрсөн 15-ны өдөр болсон шүүх хурал дээр шүүгч Элодиг хууль ёсны гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөрөө төлөөгүйг буруутайд тооцож төлбөрийн тодорхой хэсгийг төлүүлэх шийдвэр гаргав. Мөн байрны эзнийг буруутайд тооцож Элодид 8200 евро төлөх шийдвэр гаргасан байна. Шүүгч “Түрээслэгч нь хар тамхинд донтсон, согтуу хөлчүү, түрэмгий авиртай хүмүүсээс болж удаан хугацааны турш айдас түгшүүртэй орчинд амьдсан. Түрээслүүлэгч нь түрээслэгчийг тав тухтай орчноор хангаж өгөх үүргээ үл ойшоосон” хэмээн буруутгажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.