62 настай хятад эмэгтэй мотоциклиор эх орноо бүтэн тойрч явна
Анд нөхдийн мэдээ
2023-11-28
Хятадын Аньхуй мужийн иргэн, 62 настай эмэгтэй Лю Шюэйн мотоциклиор Хятадын өргөн уудам нутгийг хөндлөн гулд туулж яваа нь олны анхаарлыг татаж байна. Одоогийн байдлаар тэрбээр 36 мянган км зам туулаад байгаа ажээ. Гурван хүү, нэг охинтой хөдөөний эгэл жирийн эмэгтэй Лю бага залуу наснаасаа мотоцикль унан эх орноо бүтэн тойрч аялахыг мөрөөддөг байжээ. Энэхүү мөрөөдөлдөө хүрэхийн тулд тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард мотоцикль жолоодох үнэмлэх авч, хүүгийнхээ авч өгсөн хуучин мотоциклийг хөлөглөн арванхоёрдугаар сарын 27-нд анхны аялалдаа гарсан байна. Урт холын аялалд гарсан анхны өдрөө эргэж дурсахдаа тэрбээр "Эхэн үедээ би маш их сандарч байсан. Гэхдээ хурдтай давхиж болохгүй гэсэн нэг л зарчим баримталсан" гэжээ. Эхлээд Хятадын умард нутгаар аялахаар төлөвлөж байсан ч цаг агаар хүйтэрч байсан тул хүүхдүүдийнхээ зөвлөснөөр маршрутаа өөрчилж, Гуанжоу хотоос аяллаа эхлэн, эхний гурван өдөрт 800 км зам туулсан байна. Ийнхүү хэсэг явсны эцэст хоёр дахь хүүгийнхээ хуримыг хийх, мөн хаврын баяр тэмдэглэхээр гэртээ эргэн ирж хэсэг зуур амраад дараагийн аялалдаа гарчээ. Улмаар Жаньжян, Гуанши, Хунань, Хубэй зэрэг нутгаар нэг сар орчмын дотор 10 мянган км зам туулав. Ингээд энэ оны тавдугаар сарын 9-ний өдөр эхний зорьсон газраа хүрсэн нь Сычуань байлаа. Тэндээ хэсэг саатаж амран мотоциклоо шинэчилж аваад Түвд рүү аялсаар Лхас хотод хүрэхэд туулсан зам нь нийт 36 мянган километр болсон байв. Тэрбээр энэ удаагийн аяллынхаа тухайд "Би зүгээр л байгальд дуртай бөгөөд өөр юу ч бодолгүйгээр мотоцикль дээрээ жинхэнэ сайн сайхныг мэдэрч явсан" гээд зам зуурт тусалсан хүмүүс, хамт аялсан замын нөхдөдөө талархсанаа илэрхийлжээ. Мөн аяллынхаа явцад гэрэл зураг авч, видео бичлэг хийж цахим орчинд нийтэлж байсан байна. Түүний байршуулсан бичлэг болон гэрэл зургууд цахим орчинд маш олон хандалт авч, дагагчдын тоо нь 60 мянгад хүрчээ. Цаашид ч энэхүү аяллаа үргэлжлүүлж олон хот тосгон, хөдөө хээрээр аялах төлөвлөгөөтэй байгаагаа Лю Шюэйн ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.