АНУ: Ная дөхсөн настай дива дуучид Талархлын баярыг чимсээр байна
Анд нөхдийн мэдээ
2023-11-28
АНУ-ын Техас мужийн Арлингтон хотын AT&T цэнгэлдэх хүрээлэнд 23-ны өдөр болсон Талархлын баярт зориулсан шоу тоглолтод 77 настай поп дуучин Долли Партон “Cowboys” хамтлагийн хөгжөөн дэмжигчидтэй ижил хувцастай гарч дуулжээ. Түүнийг “9 to 5”, “Jolene”, мөн “Queens” хамтлагийн “We Are the Champion” зэрэг хит дуунуудыг дуулахад үзэгчид баяр хөөртэйгөөр даган дуулсан байна. Тэрбээр машид зоримог хувцаслан тайзан дээр гарч, өдий насанд баймгүй цовоо цолгиун хоолойгоор төрөлх авьяасаа дахин нэг харуулсан бөгөөд түүнийг “Энэ удаагийн шоу тоглолтын гол чимэг байсан” гэж CNN мэдээлжээ. Мөн Долли Партонтой нас чацуу, 1946 онд төрсөн дуучин Шэр Нью-Йорк дахь "Мacy's" их дэлгүүрийн Талархлын баярын тоглолтод оролцож ая дуугаа өргөжээ. Тэрбээр мөн онцгой чамин хувцаслаж, бүжигчидтэй хамт бүжиглэн “DJ Plays Christmas Carol” хэмээх шинэ дуу дуулсан байна. Дуучны авьяасаараа Грэммийн шагнал, жүжигчний ур чадвараараа Академийн шагнал хүртсэн, Америкийн поп соёлын од гэгддэг Шэр өнгөрсөн сард цомгоо гаргасан нь борлуулалт сайтай байна. Жил бүрийн 12 дугаар сард болдог Талархлын баярыг америкчууд тэсэн ядан хүлээж, баярын арга хэмжээг орон даяар шууд дамжуулдаг. 1946 онд төрсөн анхны дива нар ная дөхсөн насандаа ийнхүү Талархлын өдрийг чимсээр байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.