Франц: “Хар баасан гараг”-ийг “Ногоон баасан гараг” болгоно
Анд нөхдийн мэдээ
2023-11-27
Францад энэ жилийн хамгийн том хямдрал “Хар баасан гараг”-ийг арай өөр байдлаар ёслохоор болсон байна. Ийм хямдрал хэт их хэрэглээг өөгшүүлж байгальд хохирол учруулж байна гэж Байгаль орчны яам шүүмжилсэн төдийгүй Хар баасан гарагийн долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх сэдвээр богино хэмжээний дөрвөн видео сурталчилгаа бүтээжээ. Эдгээрт цахилгаан барааны дэлгүүрээр үйлчлүүлж буй хэрэглэгч дэлгүүрийн ажилтнаас аль угаалгын машин сайн болохыг санал болгохыг хүсэхэд ажилтан хариуд нь "Би юу ч зөвлөхгүй" гэж хариулна. Үйлчлүүлэгч түүний хариултыг ойлгоогүйгээ илэрхийлэхэд ажилтан “Эхлээд та манай хувцас засварын төвөөр үйлчлүүлээрэй. Энэ нь эх дэлхий болон таны хэтэвчинд хамаагүй дээр” хэмээн ятгана. Энэ нь шинэ зүйл худалдаж авахын оронд байгаа эд зүйлээ засаж янзлан дахин ашиглах хэрэгтэй гэсэн санаа ажээ. Хувцас, гар утас, гадаргуу өнгөлөгч зэргийг харуулсан бусад сурталчилгаанаас харахад хэрэглэгчид юу худалдаж авах талаар зөвлөгөө авахыг хүсэх үед ажилчид шинээр худалдаж авахын оронд байгаа зүйлсээ засаж янзлан хэрэглэх, эсвэл түрээслэхийг зөвлөж байна. "Хар баасан гараг бол хэт их хэрэглээ, замбараагүй үрэлгэн үйлдэл юм" хэмээн Байгаль орчны сайд Кристоф Беш “Le Monde” сонинд яриад, энэ кампанит ажил нь "худалдан авах нь муу" гэсэн үг биш, харин "худалдан авах нь цорын ганц шийдэл биш" гэсэн санаа болохыг онцолжээ. Сайд цааш нь "Хар баасан гаригийн оронд арвич хямгач байж, засвар үйлчилгээгээр үйлчлүүлж, үлгэр жишээ болохуйц "Ногоон баасан гараг"-ийг бий болгох ёстой" гээд баасан гарагийг тогтвортой хэрэглээний өдөр болгохоор зорьж буйгаа хэлсэн байна. Сайд К.Бешийн кампанит ажлыг олон улс төрч дэмжиж байна. Э.Макроны Засгийн газрын сайд, дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй Эдуард Филипп энэхүү санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэн цахим хуудсандаа "Би бүрэн санал нэг байна" гэжээ. Эрх баригч намын гишүүн Дэвид Амиэль ч мөн адил "Ногоон баасан гараг" санааг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.