Жэк Ма хүнсний салбарт хүч сорьж эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-24
Хятадын хамгийн том цахим худалдааны компани болох “Алибаба”-г үүсгэн байгуулагч Жэк Ма хүнсний үйлдвэрлэлд хүч сорьж эхэлжээ. "Securities Times" сонины мэдээлснээр тэрбээр энэ сарын 22-ны өдөр "Hangzhou Majiachupang Food" нэртэй компани байгуулсан байна. Тус компани нь 10 сая юаний дүрмийн сантай бөгөөд бизнесийн хүрээ нь савласан хүнсний борлуулалт, бараа бүтээгдэхүүний импорт, экспорт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний худалдаа, зочид буудлын менежмент зэрэг багтаж байгаа аж. Тэрбээр мөн өмнө нь хөдөө аж ахуй, загас агнуурын гарааны бизнест хөрөнгө оруулалт хийж байсан юм. Жэк Ма хэсэг зуур хилийн чанадад аялаж явахдаа хөдөө аж ахуй, загас агнуур, хүнсний аж үйлдвэрийн салбарыг судалж, хөдөө аж ахуй, тэр дундаа говь цөлд газар тариалан эрхлэхэд цаг хугацаа, хүч авьяасаа зориулна гэдгээ мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн оны долдугаар сард тэрбээр Нидерландын хөдөө аж ахуйн их сургуульд зочилж, мал аж ахуй, загас агнуурын шинэ технологитой танилцсан бол мөн оны аравдугаар сард Японы Осака хотын Кинки их сургуульд зочилж, загасны аж ахуйн байгууламжтай танилцаж, япон хэл сурч эхэлсэн байна. Мөн энэ оны нэгдүгээр сард Тайландын хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнсний хамгийн том компанид зочилж, хүнсний хомсдолыг арилгах арга замыг судалж, орон нутгийн будаа тариалах арга техникийг сонирхож байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.