Япон улсад хог түүх дэлхийн тэмцээн болов
Анд нөхдийн мэдээ
2023-11-24
Японы нийслэл Токио хотноо хог түүх дэлхийн тэмцээн болов. Энэхүү тэмцээнд тогтоосон хугацаанд хамгийн их хог түүсэн баг түрүүлэх бөгөөд дэлхийн хэмжээнд анх удаа зохиогдож буй уг тэмцээнд энэ жил 21 орон оролцож, Их Британийн баг түрүүлсэн байна. Тэмцээний нэр нь “Спогоми-Дэлхийн цом 2023”. “Спорт” гэсэн үгэн дээр японоор хогийн сав гэсэн утга бүхий “гоми” гэсэн үг залгаж ийм нэр үүсгэжээ. Нийт 21 орны 63 тамирчин оролцсон бөгөөд Япон, Италийн багууд хоёр, гуравдугаар байруудыг тус тус эзэлсэн байна. Баг тус бүр гурван хүнтэй, заасан хугацаанд түүсэн хогийн нэр төрөл болон нийт жинд үндэслэн оноо өгдөг ажээ. Тухайлбал, тамхины иш, хуванцар зэрэг байгаль орчныг илүү ихээр бохирдуулдаг хог түүсэн тохиолдолд өндөр оноо авна. Улмаар нэг багийн гурван гишүүн бие биенээсээ 10 метрээс илүүгүй зайд байх ёстой бөгөөд гэрлэн дохио, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, тодорхойлж заасан газраас л хог түүх дүрэмтэй аж. Энэхүү сонирхолтой тэмцээнд эхний байр эзэлсэн дээрх гурван орноос гадна АНУ, Их Британи, Герман, Франц, Индонези, Вьетнам, Бразил, Филиппин, Испани, Итали зэрэг орнуудын баг оролцсон байна. Энэхүү тэмцээнийг “Social Sports Initiative” компани 2008 онд анх санаачилсан бөгөөд эхэн үедээ зөвхөн Японд зохион байгуулагдаж байснаа улмаар дэлхий даяар тархаж, одоогийн байдлаар ийм төрлийн 1400 гаруй тэмцээн зохиогджээ. Япон улсыг төлөөлөн оролцсон 44 настай Хироюки Иего хэмээх эр “Оролцож буй хүн бүхэнд ялсан ч, ялагдсан ч сайхан мэдрэмж төрүүлдэг гайхалтай спорт” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.