Хонконг: Жуулчид хорхой шавж илрүүлбэл замын зардлыг буцаан олгоно
Анд нөхдийн мэдээ
2023-11-23
Хонконгийн аялал жуулчлалын “Wing On Travel” компани 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2 дугаар сарын 29-ний хооронд Өмнөд Солонгос руу хийх аяллын зочид буудал, зоогийн газар, автобуснаас амьд хачиг зэрэг хорхой шавж илрүүлбэл зардлын тодорхой хэсгийг буцаан олгоно гэсэн сурталчилгаа хийсэн нь олны анхаарал татаж байгаа тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Энэ тухайгаа тус компани хамтран ажилладаг хувь хүмүүс болон байгуулагуудад "Бид эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан гэдгээ харуулах зорилготой" гэж тайлбарлажээ. “Wing On Travel” компанийн төлөөлөгч "Энэ арга хэмжээ нь бидэнтэй хамтран ажилладаг бүх үйлчилгээ үзүүлэгчид эрүүл ахуйн стандартад нийцэж байгаа эсэхийг шалгахын тулд нарийн шинжилгээнд хамрагдсан гэдгийг харуулах зорилготой" гэж мэдэгджээ. Дэлхий даяар, тэр дундаа Европын орнуудад хачиг зэрэг шавж ихсэх болсон энэ үед аялал жуулчлалын агентлагууд энэ мэтээр жуулчдын шавжны талаарх санаа зовнилыг арилгахаар оролдож байна. Өмнөд Солонгос бол хонконгчуудын аялах дуртай газар бөгөөд Солонгосын Засгийн газрын мэдээллээр энэ оны эхний хагаст 170 мянга орчим хонконг жуулчид Солонгост ирсэн байна. Өөр нэг аялал жуулчлалын агентлаг болох WWPKG компани жуулчдад ариутгалын бодис үнэгүй олгох, зочид буудал, автобусны ариун цэврийг байнга үзэж шалгаж байхаа мэдэгджээ. Хонконгод хортон шавж устгах бүтээгдэхүүний борлуулалт, мөн шавж устгуулах захиалга огцом нэмэгдсэн байна. Тус улс нь хүн амын нягтаршил өндөртэй, чийгшил ихтэй, зөөлөн дулаан уур амьсгалтай байдал нь хорхой шавж амьдрах таатай орчин болсон нь иргэдийн санааг зовоож байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.