Жо Байден ерөнхийлөгч агсан Жон Кеннэдийг онцгойлон дурсав
Анд нөхдийн мэдээ
2023-11-23
АНУ-д тус улсын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннэдийн алагдсаны 60 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний үеэр ерөнхийлөгч Жо Байден “Түүхээ өөрсдөө бүтээж, Америкийг эрхэм дээд зорилгодоо нийцсэн улс болгохын төлөө цаг ямагт чармайхыг Кеннэди бидэнд уриалсан” гэж онцлон хэлжээ. Тэрбээр Жон Кеннэдийг алагдахад их сургуулийн оюутан байсан бөгөөд тухайн үед нийт америкчуудын нэгэн адил гүн цочролд орж байсан тухайгаа дурссан байна. Жон Кеннэдитэй адил католик шашинтай ирланд гэр бүлд төрж өссөн Ж.Байден түүнтэй онцгой харилцаатай байсан хэмээн “Washington Post” сонин мэдээлжээ. Ж.Байден албан тушаалаа авснаас хойш Кеннэдийн гэр бүлээс гурван хүнийг Элчин сайдад томилсон бөгөөд Жон Кеннэдийн ач хүү Жо Кеннэдиг Умард Ирландад Эдийн засгийн тусгай элчин сайдаар, мөн бэр Викториа Кеннэдийг Австри улсад суух Элчин сайдаар, том охин Каролин Кеннэдийг Австралид суух Элчин сайдаар томилон ажиллуулж байна. К.Кеннэди мөн Барак Обамагийн үед буюу 2013-2017 онд Японд Элчин сайдаар ажиллаж байжээ. Үүнээс гадна 2009 онд сенатор асан Эдвард Кеннедийг таалал төгсөхөд ч тэр үеийн дэд ерөнхийлөгч Ж.Байден түүнийг "Ахаас минь өөрцгүй хүн байсан" хэмээн үнэлж "Нэр төрөө хамгаалахад минь тусалсныг нь би насаараа санаж явна” хэмээн онцлон хэлж байжээ. Өнгөрсөн жил АНУ-ын завсрын сонгуулийн өмнө үг хэлэхээр түүнийг Бостон хотод айлчлахад Элчин сайд К.Кеннэди зорин ирж баяр хүргэж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.