В.Зеленский: Украин улс Европын холбооны бүрэн эрхт гишүүн болно
Анд нөхдийн мэдээ
2023-11-22
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Евромайданы хувьсгалын 10 жилийн ойн өдөр мэдэгдэхдээ "Украин улс Европын Холбооны бүрэн эрхт гишүүн болно" гэв. Тэрбээр “10 жилийн өмнөх хувьсгал бол өнөөдөр болж буй дайны анхны ялалт” гэж мэдэгджээ. Украинд “Нэр төр, эрх чөлөөний хувьсгалын өдөр” гэгддэг энэ өдөр 2013 оны арваннэгдүгээр сард Оросыг дэмжигч, барууны эсрэг байр суурь баримталж, Европын холбоонд элсэх тухай хэлэлцүүлгийг зогсоосон тухайн үеийн ерөнхийлөгч Виктор Януковичийг огцруулсан өдөр юм. Евро Майдан гэдэг нь Европ гэсэн утгатай “Евро” болон тухайн үед томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал эхэлсэн нийслэл Киев хотын төв дэх талбай “Майдан” хоёрын нэгдэл нэр юм. Ерөнхийлөгч В.Зеленский "Арван жилийн өмнө украинчууд анхны сөрөг довтолгоогоо эхлүүлсэн" гээд "Бид хууль бус байдал, Европын ирээдүйг хулгайлах оролдлогыг эсэргүүцэн боссон тэмдэглэлт өдөр юм" гэж нэмж хэлэв. Мөн өдөр Европын холбооны дээд хэмжээний уулзалтын байнгын хорооны дарга Чарльз Мишель Киевт гэнэтийн айлчлал хийж, ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзан Украиныг тус холбоонд элсэх үйл явцын талаар ярилцсан байна. Өмнө нь буюу энэ сарын 8-ны өдөр Европын комисс 27 гишүүн орноос бүрдсэн Зөвлөлд Украиныг нэгдэн орох хэлэлцээг эхлүүлэхийг зөвлөсөн "2023 онд Европын холбооны өргөтгөлийн багц" тайланг баталжээ. Байнгын хорооны дарга Ч.Мишельтэй уулзсаныхаа дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр В.Зеленский ирэх сард элсэх албан ёсны хэлэлцээг эхлүүлэхийн тулд тус холбооноос өгсөн долоон зөвлөмжийг бүгдийг нь хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.